МСДН

Friday, November 30, 2007

МСДН – ын нийт гишүүд дэмжигчидэд

Монголын Социал Демократ Нам / МСДН /байгуулагдсаны 18 жил, МСДН сэргээн байгуулагдсаны 3 жилийн ой энэ оны 12 сарын 28 – нд болох гэж байна. Монгол Улсын шинэхэн түүхэнд МСДН – ын оруулсан хувь нэмэр асар их билээ. Анх 1989 оны намар МУИС дээр улс төрийн дугуйлан хэлбэртэйгээр эхэлж улмаар социал демократ үзэл онол бүхий Ардчилсан Социалист Хөдөлгөөн / АСХ / хэмээх зохион байгуулалттай улс төр олон нийтийн байгууллага болж хожмын МСДН – ын суурийг тавьсан. Коммунист тогтолцоог засаж залруулах биш харин үндсээр нь өөрчилж Монгол Улсаа дэлхий нийтийн хөгжлийн жам ёсны урсгалд оруулахыг уриалж дуудсан АСХ – ний анхны тунхагийн бичиг тухайн үеийн улс төрийн гадаад дотоод орчин нөхцөлд байж боломгүй сонсогдож байлаа.
1990 оны 3 сарын 31 – нд бусад намуудаас анх түрүүн хуралдсан МСДН – ын анхдугаар Их Хурал, хурлын улс төрийн илтгэл Монголд өрнөсөн ардчиллын цааш цаашдын үйл явцад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Хэрэв АСХ, МСДН байгаагүй бол Лениний хувьсгалын онолоор зэвсэглэж, Ленинизмийг жинхэнээр нь хэрэгжүүлэхийг хүссэн Ардчилсан Нам, тогтолцоогоо хадгалж өнгөлөн засах өөрчлөн байгуулалтыг хүссэн МАХН хоёр манай нийгмийг хааш нь хөтлөх байсан бол гэдгийг төсөөлөх ч арга алга. Сөргөлдөн тэмцэхээс харилцан ойлголцож, аль ч тал нь хүлээн зөвшөөрөх хувилбарыг олж сонгох аргыг АСХ, МСДН эрхэмлэж ирсний үр дүнд Монгол Улс тайван замаар ардчилсан тогтолцоонд шилжих арга замыг олсон. Энэ бол шинэ ардчилсан Үндсэн Хуулийг батлаад өөрөө тарах Ардын Түр Хурлыг ардчилсан сонгуулиар байгуулах санал байсан юм. Харин энэ санааг бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх аргыг болдовсруулж гаргасан тухайн үеийн эрдэмтэн мэргэд, дэвшилтэт хуульчид, улс төрийн шинэ бодлоготнуудын гавьяаг үнэлж баршгүй. Хуучин коммунист Үндсэн Хуулинд эрх тэгш олон намыг хүлээн зөвшөөрсөн, АИХ – ын зэрэгцээ байнгын ажиллагаатай УБХ байгуулах нэмэлт өөрчлөлт оруулснаар анхны ардчилсан сонгууль явуулах бололцоотой болсон билээ. Ийнхүү 1990 онд байгуулагдсан АИХ, УБХ нь шинэ ардчилсан Үндсэн Хууль батлаад 1992 онд өөрөө тарсан. 1990, 1992, 1996 оны УИХ – ын сонгуульд МСДН амжилттай оролцож, Монголын нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн нөлөө бүхий том хүчин болохоо харуулсан. Дэлхийн Социалист Интернационалын /СИ/ бүрэн эрхт гишүүн болсон нь зөвхөн МСДН – ын төдийгүй Монгол Улсын гадаад дахь нэр хүндэд асар их ач холбогдолтой үйл явдал болсон билээ. 2000 оныг хүртэл МСДН хамгийн цэгцтэй, үзэл онолын бат бэх суурьтай улс төрийн хүчин болохоо бодитойгоор нотолж чадсан. Харин 2000 оны сонгуулийн ялагдал, МАХН – аас авч хэрэгжүүлсэн төрийн боловсон хүчний харгис бодлого, эрх чөлөө ардчиллаа алдахаас айсан айдас МСДН өөрөө тарж, АН – тай нэгдэх яаруу болчимгүй шийдвэрт хүргэсэн билээ. Энэхүү түүхэн алдаатай шийдвэр гаргахад хүргэсэн дээрх хүчин зүйлсээс гадна ардчилсан хүчин гэх орон зайг дангаараа эзэмдэх АН – ын сонирхол, социал демократ орон зайг мөн дангаараа эзэмдэх МАХН – ын сонирхол далд аргаар биеллээ олсон юм. Ганц удаагийн ялагдлыг тэсвэрлэн гарах зориг тэвчээр, сэтгэлийн тэнхээ тэвчээр алдан гаргасан дээрх шийдвэр хойноосоо олон хорт үр дагавар авчирсан билээ. Юун түрүүнд нийгэм, улс төрийн онол үзэл баримтлалтай, түүн дээрээ тулгуурласан хөгжлийн хөтөлбөртэй нам хэмээх байгууллага хөгжих, төлөвших үйл явц зогслоо. 2000 онд дангаар засгийн эрх авсан МАХН – д түүний даргын автократ дэглэм тогтож, орчин үеийн улс төрийн нам болж төлөвшихийн эсрэг үйл явц өрнөсөн. Үр дагаварт нь 2000 – 2004 онд Монголд хуулийн засаглал үгүйсгэгдэж, засаглалын бүхий л шатанд хууль бус дур зорго ноёрхож, эрх тэгш шударга ёсны зарчим алдагдаж, иргэний эрх, эрх чөлөөний баталгаа байхгүй болж, ард түмний эв нэгдэлд цав суусан билээ. Хэрэв МСДН оршин байсан бол СИ – ийн бүрэн эрхт гишүүний хувьд ийм байдалд хүргэхгүй байх бүрэн боломж байсан. Харин АН – ын хувьд ямар ч онол, үзэл баримтлал, чиг баримжаа байхгүй, дотоод тэмцэлдээ идэгдсэн, ардчиллын нэр зүүсэн хүмүүсийн үүр болон хувирсан. Энэ байдал нь яван явсаар ардчиллын үнэт зүйлсийг огоорсон харин ч түүний эсрэг тууштай тэмцдэг хүчин болжээ. Түүний санаачилгаар МАХН – тай байгуулсан Зөвшилцөл, хамтын ажиллагааны гэрээ зэрэг нь шинэ ардчилсан Үндсэн Хуулийг уландаа гишгээд зогсохгүй ардчилалд итгэж санал өгсөн ард түмний итгэлийг албан тушаалаар арилжиж улмаар УИХ дахь АН – ын гишүүд МАХН – ын бүлэгт дагаар орсон шившигт үйл явдлаар үргэлжилсэн билээ. Тэдэнд зарчим, ёс зүй, нандигнах эрхэм зүйл нэгэнт байхгүй болжээ. Өнөөдөр тэд олон ургальч үзлийн эсрэг, том нь багыгаа залгидаг араатны гэмээр ёсыг хамтран хэрэгжүүлэх саналыг МАХН – д тавих боллоо. Даяаршиж байгаа дэлхий ертөнцөд хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монгол Улсын хувьд бие биенээ хүндэтгэсэн, харилцан хүлээн зөвшөөрдөг, олон ургальч улс төр хамгийн зохимжтой билээ. Шинэ Үндсэн Хуулийн үзэл санаа ч ийм байгаа.
Ийм нөхцөлд 2004 оны 12 сарын 19 – нд МСДН сэргээн байгуулагдсанаа зарлалаа. 2005 оны 01 сарын 13 – нд УДШ МСДН – ыг бүртгэн авч гэрчилгээ олгов. Ийнхүү МСДН сэргээн байгуулагдсан нь сэтгэлдээ социал демократ үзлийг тээж, чухамхүү энэ л үзэл баримтлал эрх чөлөөт иргэдийн, эрх тэгш, шударга ёсыг Монголд авчирна гэж итгэдэг олон мянган хүнд найдлага төрүүлсэн юм. МСДН сэргээн байгуулагдмагцаа анхны сонгууль буюу УИХ – ын 65 – р тойргийн нөхөн сонгуульд амжилттай оролцож 6 орчим хувийн санал авсан нь 1990 оны анхны ардчилсан сонгуульд авсан саналтай тэнцсэн хэрэг билээ. Дэндүү хүч тэнцвэргүй хууль ёсноос гажууд болж өнгөрсөн энэ сонгуульд амжилттай оролцсон нь МСДН – ыг, манай хөтөлбөрийг нийгэм хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл болсноороо онцгой ач холбогдолтой үйл явдал болсон юм. Одоо биднийг хамгийн том сорилт хүлээж байна. Энэ бол УИХ – ын ээлжит сонгууль. Хэрэв бид амжилттай оролцож парламентийн нам болж чадвал улс төрийн тавцан дахь өмнөх байр сууриа эгүүлэн олж авахаас гадна СИ – ийн гишүүнчлэлээ ч сэргээн тогтоох болно. МСДН – ын Улс төрийн зөвлөлөөс намын Их хурлыг 2008 оны 03 сарын 31 – нд буюу МСДН – ын Анхдугаар Их Хурал хуралдсаны 18 жилийн ойн өдөр хийхээр товлолоо.

0 comments:

Post a Comment