МСДН

Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр

Монгол улсын Үндсэн хуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн тогтолцоог сонгодог ардчилсан зарчимд нийцүүлэх, үндэсний баялагаа зөв ашиглан улс орноо хөгжүүлэн, ард иргэдээ эрх чөлөө амьдралын баталгаагаар найдвартай хангах түүхэн сонголтын цаг үе ирлээ.

МСДН нэр дэвшигчдээ зарлав.

Ч.Лхагважав, Р.Нарангэрэл, С.Сонин, Д.Энхзаяа, Ц.Мөнхсаруул, П.Онхуудай, Ч.Аваадорж, Я.Дэрийлаамятав, Ё.Ганхуяг, Д.Баттогтох, Ж.Амгалан

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аж төрж, ажиллаж боловсрох бололцоог бүрдүүлэх талаар орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд иргэд өөрсдийн саналаа илэрхийлэх, тусгуулах талаар нээлттэй байх боломж олгох зорилтыг дэвшүүлж байна.

МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМЫН ДYРЭМ

Идэвхтэй иргэний нийгэм төлөвших нийгмийн харилцааг хөгжүүлэхийн төлөө үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн хэм хэмжээг дээдлэн намынхаа дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, нийгмийнхээ өмнө ёс суртахууны хариуцлага хүлээсэн улс төрийн байгууллага мөн.

Монголын Социал Демократ намын дарга А.Ганбаатар

1959 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр 3 хүүхэдтэй. Эхнэр Д.Алтанзаяа “Ю энд Си” компаний гүйцэтгэх захирал, охин Ундрал, Цолмон нар нь Польшид Варшавын Их сургуулийн оюутнууд, охин Цацрал ШУТИС- ийн оюутан.

Wednesday, June 25, 2008

Мөхөж буй гүрэн

Жаал хүү анх удаа эмээ­тэйгээ холын аянд гарч буйг хэлэх үү, бас ч гэж их үйлсийг бүтээнээ хоёулаа гэж эмээ­гийн хэлснийг санаж хамрын үзүүрт бурзайх хөлсөө шуд­ран алсын замыг ширтэнэ.   
 Нуруундаа үүрсэн ганд­сан хөх уутанд нь цагаан будааны хошоод гамбир, Тан эгчийн жигнэж өгсөн дөрвөн ширхэг мантуу, хатааж нун­тагласан атга борц, гацааны дэлгүү­рээс өр тавьж авсан хоёр шил ус байх. Ийм их хүнс базаасныг бодоход үнэхээр холын аялал болох нь дээ хэмээн хүү дотроо баярлана.  
 Хавиргыг нь холоос ха­раад тоолчихдог гучаад хонь гандсан шар талын шороог пур­гиулан, урагш хойш идэш хайн байх нь гацааны нийт мал юмсанж. Ийм ч нутаг, ийм ч мал байгаагүй юм даа хэ­мээн Бадам авгай шүүрс ал­дав. За яах вэ, ямар ч байсан хоёулаа явгаар ч болтугай суурин орж, өөрс­дийн зорьс­ныг биелүүлнээ хэмээн хэн нэгэнд хорссон мэт өгүүлнэ.  
 -"Эмээ та эх орноо аврах гэж яваа тээ" хэмээн томчуу­дын ярианаас цээжилж авсан үгээ хэлсэндээ хүү их л до­дигор байна. "Та саналаа өгчихвөл бид Монгол орноо буцаагаад авна тээ"... 
 Энэ удаа эмээ нь дуугар­сан­гүй, гүн бодолд дарагдан цар гэх царцаагүй үхмэл шар талыг гөлрөн,  тэртээх он жилүүдийн урсгал дунд бод­лоороо хөвөн байж, "Хэнээс, юунаас энэ бүхэн болчих­воо..." хэмээн олон жилийн турш өр зүрхээ сэмлэн, өөрөө­­сөө асуудаг асуулт­даа хариу хайн бэдэрнэ. 
 Монгол орноо бид хэр­хэн алдлаа...  
 Хүннү Сүннүгийн үеэс өвсний соргог, усны тунгал­гийг да­ган багшрах мал сүргээ да­гаж,  эрх дураараа, омголон сүр­лэг явсан ихэс дээдэс маань хүчирхэг Чингэсийн үеэс дэлхийн цээжийг тэрлэ­сэн гүрэн улсаа байгуулж, тэн­гэрлэг удмаараа цол­луулж  явсан сан. Үүний да­раахь  200 жилд эргэж тарж бу­тар­сан боловч Монголын сүү­лийн хаан Цахарын Лиг­дэнг Манжийн хаан Абахай их хү­чээр дайрч цохиход зугтаж гар­сан хаан өвчнөөр нас ба­рах хүртэл монгол төрийн там­­га монгол хүний гарт байсан.  
 1636 онд  Монголын өм­нөд 16 аймгийн ноёдын чуул­ган болж, Абахайг Монголын хаанд өргөмжлөн, төрийн хас тамгыг түүнд өргөн барьжээ.  
 Монголын ноёд Түвдийн шарын шашинд автаж, эд баялаг, гүнж, хатан, шан ха­рамж, цол гуншин эд бүг­дийг Манжийн хаанаас хүр­тэхийн тулд ээлж дараагаар дагаар орцгоосон ч Халхыг эзлэхэд 50 жил, Ойрадыг эз­лэхэд 100 жил шаардагдсан билээ. 1691 онд Долнуурт Чин династийн эрхийг хүлээн Манжийн хаан Кан Ситэй монголчууд васса­лийн гэрээ байгуулснаар  200 гаруй жил үргэлжилсэн Ман­жийн дарлал эхэлсэн. 
  1911 оны аравдугаар са­раас 1912 оны хоёрдугаар сар хүр­тэлх  хугацаа бол  Хята­дын хяналт түр суларч мон­гол­­­чууд тус­гаар тогтнолоо тун­хаглах, түүнийгээ оросуу­даар дэм­жүүлэх боломж олд­сон, үүлэн чөлөөний нар лугаа өчүү­хэн богино хугацаа байсан.  
 Монгол орны хувь заяаг хөрш хоёр орон бидний орол­цоогүйгээр шийдэж ирснийг доорх гэрээ хэлэлцээрүүд харуулдаг.  
 1689 оны наймдугаар сар­ны 27-нд Романовын хаант Орос, Чин династийн Хятад хоёр Нэр­чинск гацаанд хий­сэн гэрээ­ний өмнөхөн Монгол Улс өм­нөд хэсгээ хятадуу­дад, умард хэсгээ оросуудад алд­­сан бөгөөд аль аль талаас  өөрс­дийн иргэ­дийг шилжүү­лэн суулгах ажил явагдсан. 1727 оны аравду­гаар сарын 31-ний  Орос, Хятадын хилийг тог­­тоо­сон Хиагтын, 1860 оны Бээ­­жингийн, 1864 оны Чугу­­ча­кийн, 1881 оны Санкт-Пе­тер­­­бургийн, 1910 оны Ци­ци­ха­рын гэрээ, 1913 оны Орос, Хя­та­дын тунхаг, 1915 оны Хиагтын гэрээ, 1924 оны Бээ­жинд бол­сон Хятад, Зөв­­лөл­тийн хэ­лэлцээр, 1945 оны найм­ду­гаар са­рын 14-ний Зөв­лөлт, Хята­дын гэрээ гэх мэт. 
 Монголчууд 1924 онд Зөв­лөлтийн вассаль орон болох зам­даа орж дагуул орон, ЗХУ-ын материал техникийн бааз, ха­гас колони маягаар 70 жил ор­шин тогтноод 1990 оны ард­чилсан хувьсгалаар 300 жи­лийн дарлалаас ангижирч өөрс­дийн тулгар төрөө бай­гуулж улс төр, эдийн засгийн тусгаар бодлогыг явуулж эхэл­­­сэн билээ.  
 Үүлэн чөлөөний нар мэт олдсон эрх чөлөө, тусгаар тогтнол 18-хан жил үргэлжлэх байсан гэж үү... 
 1945 оны аравдугаар са­рын 20-ны өдөр Хятадын Зас­гийн газрын ажиглагчдын ха­раан дор бүх ард түмний "Тус­гаар тогтнолын санал асуулга" болж  ард түмэн тус­гаар тогтнолыг "зөвшөө­рөв", "тат­галзав" гэдэг хоёр үгийн аль нэгийн доор хуруу­ныхаа хиу­­рыг дарж байсан явдал яагаад XXI зуунд дахин дав­тагдах болов оо?! 
 -Эмээ унаа ирэхгүй нь ээ, хоёулаа харих уу хэмээн ач хүүгээ асуухад Бадам гүн бодлоосоо сая ангижирч  
 -Болохгүй миний хүү хоёу­лаа явгаарч болтугай хү­рэх ёстой хэмээн хүүгээ хөт­лөн зам даган алхаж эхлэв.  
 Өвгөн минь хамт явах чадалтай байсан ч болоосой, муу машинаа унаад хоёулаа хөнд­лөн гулдгүй нутгаараа явдаг сан, сайхан ч цаг байж дээ. Бадам залуу насаа дурс­маг­цаа хөл нь хөнгөрөх шиг болж, алхаа нь хурдасхад хүү явуут дундаа дээшээ өлийж эмээгээ гайхан харна. 
 Хүүхдүүд том болж, тус­даа гарцгааж  бүгд л дор дороо орон гэр, үр хүүхэдтэй болц­гоож, зав зайгүй л ажил тө­рөл­дөө зүтгэдэг сэн. Хааяа аав ээж дээрээ ирцгээж, мал хад­лангийн ажилд нь тус­лал­цаад өрөм, ааруултай буцдаг байлаа. Манайх ч бас олон мал­тай байсан шүү, залуу нас­ны эрчээр л ажлыг нь нугалдаг байж дээ. Бадам бодлынхоо үргэлжлэл болгож: 
 -Ээ дээ, малын буян бас ар­вин байсан шүү, төрийн минь сүлд өршөө гэж хэлчи­хээд хэлсэн үгнээсээ жийрх­лээ.  
 Төр биднийгээ өршөөнө гэж хатуу итгэлтэй яв­­сан ардынхаа итгэ­лийг төр маань даасан билүү... 
 Тэр жилийн сонгуулийн дүр төрх нүдэнд нь буулаа. Олон сайхан амлалт хэлсэн нэр дэвшигчид ажил хийлгэх­гүй, мал үргээж, машинтайгаа тоос татуулан цувцгааж бай­сан. Тэдний дундаас хамгийн олон ирсэн өндөр шар залуу зу­заан дугтуйтай мөнгө, архи, гурил, будаа өгч, их мөнгө амлаад  
 -Та юм авснаа битгий хүнд мэдэгдээрэй, та нар намайг сонговол дөрвөн жил­дээ би та нарыг идээ будаа­гаар ду­таахгүй, бас хойд гол дээр чинь гүүр барьж өгөөд, хо­тоос тог татаж ирнэ, тавган антенн ч суурилуулна. Та ми­ний нэ­рийг л дугуйлаарай гэж аминч­лан захиад явж билээ. Хөөр­хий дөө, нутгийн хүний үр сад  аль нь ч ялгаа юу бай­хав дээ,  бидний төлөө мөнгө төг­рөгөө үрээд явж байхад, хү­ний юмийг авчи­хаад юу гэж л хүрэл нүүр гаргах вэ  гэж айл хотоороо шийдээд тэр за­лууг депута­таар сонгож би­лээ. 
 Тэгээд яалаа даа, тэрний нам нь ялаад, мань хүн сайд болж, бид ч хэрдээ баяр хөөртэй бардам байсан сан. Хойд айлын Найдан л ган­цаараа та нар улсаа гурил будаагаар худалдаад, хайран ч Оюу толгой, Таван Толгой минь,  бид эргээд хүний боол болох цаг ирлээ дээ гэж муу амлаад уур хүргэдэг байж билээ. Өвгөн бид хоёр хоо­рондоо 
 -Хэ цэс! төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг шиг энэ Найдан одоо хоосон ам­наас цаашгүй хүмүүсийг сон­гочоод, тэд нар нь ялагд­сан болохоор атаархаад ин­гэж байгаа юм гэж хэлцэж билээ.  
 Удахгүй яалаа даа, бужиг­насан хар хятадууд өдөр бүр үй олноороо машин техник­тэйгээ цувцгааснаа,  газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж бутлаад, шинэ тавьсан төмөр за­маараа өглөө үдэшгүй урагш нь зөөж, ёстой л нэг хөгжил гэдэг нь ирж, хэн хүнгүй баяжих нь ээ гэж бодог­дуулж билээ. Удаж тө­дөлгүй тэгсэн чинь бэлчээр нут­гаа­саа ч хөөгдөж, өдрөөс өдөрт ширгэж байсан гол гор­хиудыг бараадаж нүүсээр бас ч нэг хоёр жилийг давсан даа. 
 Харсаар байгаад хамаг малаа харангадуулж үхүү­лэл­тэй биш, хэд гурван төг­рөгөөр зараад барсан даа чааваас.  
 Хүүхдүүд бүгдээрээ ажил олж хийхээр гадаад орнууд руу яваад өгцгөөсөн, өвгөн зүгээр суухаар гэж уурхайд хэдхэн сар ажиллаад биегүй болж, одоо ч гэрээсээ гарах тэнхээгүй , ямар сайндаа бид хоёр ингэж мунгинаж явах вэ дээ.  
 Дараагийн сонгуульд ёс­той хууртахгүй дээ гэж хатуу санаж байтал сонгууль ч болоогүй, болоогүй ч гэж дээ ерөнхийлөгчийн засагтай болж Ерөнхийлөгчөө сонгосон юм байна шүү.  
 Урд зурагтаар эд ингэж байна, бид ингэнэ гээд л маргалддаг сан одоо амар жимэр таг болжээ, юу ч бо­лоод байгааг хэн ч мэдэхгүй, хэлэх ярих зүрхтэй ч хүнгүй. Нэгэн хэвийн өдрүүд хэдэн жилээр цувна. Хэн хэзээ ирж юуг өөрчлөх бол  гэж хүлээж найдах ч юмгүй.  
 -Эмээ та сайн явж байна уу хэмээн араас нь хүн дуга­рахад хүүтэйгээ хоёулаа цочин эргэж харлаа. Цэнхэр алчуураар үсээ далдлан зан­гидсан, улаан эрээн цамцны­хаа ханцуйг шамлаж,  хөх өмд, хар шаахай өмссөн хөрслөг бор хүүхэн тэднийг гүйцэн иржээ.  
 -Сайн сайн, миний дүү, хаа орж яваа юм бэ? 
 -Саналаа өгөх гээд, унаа хүлээгээд байдаггүй шүү, уул нь гацаа бүрт унаа ирүүлнэ гэж зарлаад байсан шүү дээ. 
 -Харин тиймээ, одоо бол­тол ирээгүй юм чинь аягүй бол ирэхгүй нь ээ, хүү минь ядарч байх шиг байна. Ингэ­хэд гурвуулаа суугаад унд ууя, энэ чинь бас нэлээн явчлаа шүү, Бадам ингэж хэлээд хаашаа сууя даа хэмээн хэсэг ажигласнаа, шар шороон дээр өвдөглөн сууж, миний хүү суу, эвий минь бүр ядраад, өлсөж цан­гаж гүйцсэн байх даа, чи ч гэ­сэн суу хэмээн хүүхнийг урив.  
 -Үгүй ээ эмээ би юм идэх­гүй, саяхан ундалсан, та хоёр л идэж уу, харин би жоохон хөлөө амраая гээд шаахайгаа тайлж хөлөө сэрүүцүүлнэ.  
 Бадам хүүдээ ус, мантуу гаргаж өгөөд өөрөө ч идэж уухын далимд 
 -Чи хаанаас яваа хүүхэд вэ гэж сониучирхав.  
 -Аан би уурхайнх аа, ма­найхан бүгд өглөө явчихсан, би ганцаараа гацааны айлд хо­ноод, тэгээд хоцроод хэ­мээн ичингүйрэн дуу нь сулрав.  
 -Бадам одоо л тэр хүүхний аялгатай яриаг анзаарч дотор нь зарс хийгээд явчихлаа. Эд нар чинь бүгдээрээ бөөн бөөнөөрөө очиж саналаа өгцгөөх юм бол гацаанд үлд­сэн хэдэн явган хөгшчүүлийн санал нэмэр болох юм уу? Нийт нутагт урд хойноос ир­сэн ажилчид цагаачид дүү­рээд, нутгийн иргэд нь гарч дүрвээд, хүүхдүүд ч хаа юу хийж явдаг юм, сураг тасраад лав 10 жилийн нүүр үзэж байна даа, үгүй тэгээд тэд нар ч ирээд яах юм билээ, зово­хын л нэмэр шүү дээ.  
 -Эмээ, эмээ энэ юу вэ? Алсаас асар том тоосон хө­шиг хурдтай наашилна, 
 -Бас л угалз босох нуу дээ, энэ чинь. Өдөр бүр ша­хуу л угалз, шар шороо шуу­раад гэрээс гарах аргагүй болжээ, энэ нутаг чинь. Нутаг чинь ч гэж дээ нутаг минь гэж хэлээд Бадамын хоолой зан­гираад явчихав. Мянга мянган лангаар манийгаа худалдсан ноёдуудаа гэж эртнээсээ ардууд дуулдаг байсан тэр хувь заяа бас л эргээд дайрна чинээ хэн бодох вэ дээ.  
 Одоо тэр шар залуу дэл­-
           хийн том баяны нэг,
           далайн эрэг дагуу эх­нэр хүүхэд­тэйгээ завиар зу­гаалж байгааг зурагтаар хар­сан өвгөн нь уурандаа зураг­таа таягаараа хага цохиод хагалчихсан.  
 -Угалз биш ээ эмээ ма­найхан буцаж явна , өө ашгүй, би эд нартай буцлаа та хоёр хамт буцах уу гэж хүүхэн асууна. Удахгүй арваад том автобус хажуугаар тоос та­туу­лаад өнгөрөхөд, авто­бусны цонхоор инээж хөхөр­сөн олон эр, эм залуус гараа даллан инээлдэнэ. Хүүхэн алчуураа тайлж, даллаж дуу­дахад нэг автобус нь зогсож хаалгаа нээлээ,  
 -Зоуба, зоуба гэж хөгжил­тэй байрын залуу хүүхнийг дуу­даад, гараа сунгав. Хүү­хэн ч инээд алдан гарнаас нь ба­рихад залуу ганц татан оруулаад, нуруугаар нь тэвэрнэ.  
 -Эмээ ороод ирээ, явъя. Таны ганц санал юу болох вэ дээ гэж хүүхэн дуудна.  
 Та нар яваа гэж хэлчихээд  Бадам хүүгээ хөтлөн тоосон хөшиг дотор орж үзэгдэхээ болилоо.   
  Д.ЭНХЗАЯА