"Долдугаар сарын 1-ний үймээн самуун" болоод өнгөрлөө. Дараа нь дөрвөн өдөр ардчилалгүй амьдрав. Зурагтаар үр дагаврыг нь жигшсэн хүмүүс л ярилцлага өгөх эрхтэй. Энэ "үймээний" учир жанцанг тайлбарлах, ядаж шалтгаан, шалтаг, оролцогсдын талаар ярих хүмүүсийн ам хаалттай. Бичлэгээс тасдаж авсан хэсгийг л харуулна, тэр хэсэг бол эрх баригчдын өмнөө барих бамбай, ухуулга сурталчилгааны гол зэвсэг бололтой, хүмүүсийг намнасан талаар, агнасан талаар гэрчүүдийн ярьсан хэсгийг яачихав?! Ганц удаа хальт гаргаад янз нь тайраад шатаасан бололтой. Буудуулж үхсэн хүний ар гэрийнхэн хэлжээ. Миний дүүгийн амь нас үнэ цэнэгүй юу, байшин сав, ширээ сандал, морин хуур гэж гасласан хүмүүс байх юм гэж...
Тиймээ хүний амь үнэ цэнэгүй болсон газар бол Монгол Улс болчихоод байна... Тийм ч байлгасан хүчин төрийг барьж байна. Цаашид уртын урт дөрвөн жил төр барихаар зэхэж байна. Тэрийг мэдэрсэн хүмүүс ядахдаа тэр нь эрх зүйн хувьд хүчинтэй эсэхийг, сонгууль шударга явагдсан эсэхийг шалгуулахыг хүсэж л жагсаж эхэлсэн юм, уул нь.
Гэтэл анхнаасаа л байшин шатаахаар, хэдэн хуур эвдэж, хаард хулгайлж тэгээд буудуулж үхэхийн тулд жагссан юм шигээр тайлбарлах юм. Үг хэлсэн, мэдэгдэх хуудсаа өгөх гэсэн хүмүүс шоронд орж цаазлуулах ял авахыг хүссэн хэрэг үү, ОЛНЫ НҮДЭН ДЭЭР ИНГЭЖ ТӨЛӨВЛӨӨД ХИЙХ ДУРАК одоохондоо Монголд арай төрөөгүй байна. Бид 18 жил ардчилсан нийгмийг, зах зээлийн эдийн засагтай нь хамт байгуулж ирлээ гэж өөрсдийгөө болоод дэлхий нийтийг хуурч байснаа долдугаар сарын 1-нд олж мэдэцгээлээ. Бид олигархи ба пролетарийн нийгмийг, монопольт эдийн засагтай нь байгуулж иржээ. Энэ чулуу шидсэн, эвдлэн сүйтгэсэн, шатаасан хүмүүс сарнаас юм уу, хажуу хөрш орноос ачигдаж ирээгүй, бидэн дотор байгаа бидний л нэг хэсэг. Өөдөөс нь бамбайн дор бултганан гарч ирж, бороохойдож өдчихөөд, барьсан, зодсон, алсан хүмүүс нь төрийн төлөөлөгчид. Хэн өдөөж, тэр сөдөөгөөд гэж маргаад, тэрийг халж, энийг хориод асуудлыг шийддэг бол сайхансан. Нэг нь байраараа шатаад, нөгөө нь сонгуулиараа шатжээ. Харилцан зодоон болчихоод хэнийг нь хориод хэнийг нь шагнах юм бэ гэж нэгэн хүүхэн голыг нь олоод хэлчихсэн.
1990 оноос хойших шилжилтийн гэгдэх хүнд үед эрх нь хавчигдаж ядуу зүдүү өссөн, ажил төрөл, сургууль соёлоос завсардсан, траншейныхан, шил түүгчид, орон гэргүйчүүд, өвгөнтийнхөн, бизнесээ булаалгасан, хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө алдсан, мөнгөн ус, цианит натрид хордсон, зуд турханд малаа алдсан, газрын хэвлийг ухаж идэгсдийн ачаар ус гол ширгэж, ургах өвсгүй болсон нутгаас нүүж ирэгсэд, өдөр бүр өсөн нэмэгдэж буй үнийн дарамтад туйлдсан, сонгууль шударга болоогүйд бухимдсан, ард түмэнд харьяалагдах газрын баялгийн дахин хуваарилалтын зодооныг харж жигшсэн, ирээдүйдээ итгэлээ алдсан сэхээтнүүд нэг үгээр хэлэхэд Монголын пролетари нар цуглаанд ирсэн байлаа.
Хоёр талын чулуун байлдаан дундуур ундааны лонх түүгээд явж байсан ээж хүү хоёрын бичлэгийг олон хүн үзсэн байх. Нийгмийн ийм том бүлэг үүсчээ. Одоо яах вэ. Эрх баригчид буу шийдмээ сайжруулъя л гэж дөрвөн өдөр ярилаа. Бороохой нь цөөдөөд, бамбай дуулга нь хагараад, бас буу нь дутаад байна гэнэ. Байшингаа бариад, 100 морин хууртай болчихвол болмоор ч юм шиг, буу шийдэм, шорон, цагдаагаа ихэсгэвэл ирээдүй найдвартай гээд байх шиг байх юм. Энэ хүмүүст нэг сая төгрөг юм уу 1.5 саяыг өгөөд бас шийдчихгүй юм байна лээ, эрүүл эсэх нь эргэлзээтэй нэг хүн уул нь нэг сая төгрөг "авсан" л гэж хэлсэн шүү дээ. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй пролетари ангийнхаа төлөө юм хийх цаг дуртай ч, дургүй ч эрх баригчдад тулж иржээ. Жигшээд, гаслаад, уйлаад, дуулаад, зуу, мянгаар нь бариад тоог нь цөөлж ухамсарт нь нөлөөлнө гэж бодохгүй байна. Иргэдийн СОНГУУЛЬД, ТӨРД, ХУУЛЬД итгэх итгэлийг ТӨР дааж байгаагаа яг одоо харуулах цаг иржээ. Эс тэгвэл ирэх дөрвөн жил өнгөрсөн дөрвөн өдөр шиг л үргэлжлэх болно.