МСДН

Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр

Монгол улсын Үндсэн хуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн тогтолцоог сонгодог ардчилсан зарчимд нийцүүлэх, үндэсний баялагаа зөв ашиглан улс орноо хөгжүүлэн, ард иргэдээ эрх чөлөө амьдралын баталгаагаар найдвартай хангах түүхэн сонголтын цаг үе ирлээ.

МСДН нэр дэвшигчдээ зарлав.

Ч.Лхагважав, Р.Нарангэрэл, С.Сонин, Д.Энхзаяа, Ц.Мөнхсаруул, П.Онхуудай, Ч.Аваадорж, Я.Дэрийлаамятав, Ё.Ганхуяг, Д.Баттогтох, Ж.Амгалан

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аж төрж, ажиллаж боловсрох бололцоог бүрдүүлэх талаар орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд иргэд өөрсдийн саналаа илэрхийлэх, тусгуулах талаар нээлттэй байх боломж олгох зорилтыг дэвшүүлж байна.

МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМЫН ДYРЭМ

Идэвхтэй иргэний нийгэм төлөвших нийгмийн харилцааг хөгжүүлэхийн төлөө үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн хэм хэмжээг дээдлэн намынхаа дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, нийгмийнхээ өмнө ёс суртахууны хариуцлага хүлээсэн улс төрийн байгууллага мөн.

Монголын Социал Демократ намын дарга А.Ганбаатар

1959 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр 3 хүүхэдтэй. Эхнэр Д.Алтанзаяа “Ю энд Си” компаний гүйцэтгэх захирал, охин Ундрал, Цолмон нар нь Польшид Варшавын Их сургуулийн оюутнууд, охин Цацрал ШУТИС- ийн оюутан.

Monday, December 28, 2009

ИРГЭНИЙ НИЙГМИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Ринчингийн Нарангэрэл – 1989, Москва. “Стилистические монголизмы в современной русской художественной и публицистической речи”. Дисс. на соиск. уч. ст. канд. филол. наук.
В исследовании проводится комплексный анализ стилистических монголизмов, функционирующих в русской публицистике, а также в художественной речи, прежде всего – в переводах произведений монгольских писателей на русский язык. Исследование даёт возможность использования результатов в лексикографической, издательской и переводческой практике, в преподавании курсов современного русского языка, введения в языкознание, общего языкознания, культуры речи, стилистики, теории перевода.

Saturday, July 18, 2009

Хитмений өчил

Хэдэн жилийн өмнө интернетээр элдвийг сонирхож яваад Жон Перкинсийн бичсэн  “Эдийн засгийн алуурчны өчил” /”Confessions of an Economic HitMan”/ хэмээх номын тухай олж мэдсэн юм. Цааш сонирхвол алдарт New York Times – ийн шилдгийн шилдэг номоор нэрлэгдэж олон долоо хоног бестселлеррийн жагсаалтыг тэргүүлж байжээ. Америкийн радиогийн “Өнөөгийн ардчилал” нэвтрүүлгийн сэтгүүлч Эми Гудмантай хийсэн ярилцлагыг нь олж уншлаа. Уг ярилцлагыг телевизээр нэвтрүүлсэн бичлэгийг нь ч үзлээ. Ийнхүү ямартай ч энэ ном зүгээр нэг адал явдалт зохиол биш харин их гүрэн ядуу буурай орнуудад явуулж ирсэн эдийн засгийн хөнөөлт бодлогыг илчилсэн үнэн бодит түүх юм гэдэгт итгэсэн билээ. Улс төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж явсны хувьд, эрдсээр баялаг боловч буурай орныхоо ирээдүйн төлөө санаа зовж явдгийн хувьд эл номыг олж орчуулж, өөрийгөө байтугай эх орноо ч худалдахаас буцахгүй шуналт этгээдүүдээс сэрэмжлүүлэх, үнэнч чин сэтгэлтэй түшээдэд санамж болгохыг хүслээ. “Исповедь   экономического убийцы” хэмээн нэрлэгдсэн орос орчуулгыг нь зориудаар Москвагаас олж авчраад монголжсон орос найздаа уншуулж, зөвлөгөө авахаар өгсөн боловч эргэж өгсөнгүй алга болов. Магадгүй Монголд явуулж ирсэн Их Оросын бодлого ч харагдсан юм билүү. Олон улсын банк, санхүүгийн асуудал сайн мэдэх  ангийн найздаа уг номыг олоод уншаадахаач гэж хүслээ. Тэр маань ч уг номыг эх хэлээр нь захиалан уншаад орчуулах сонирхлы маань улам өдөөсөн юм.
Монголд маань өрнөж буй улс төрийн үйл явдлууд ч энэ номыг даруйхан гаргах хэрэгтэй гэж бодогдуулах болов. Яагаад улс төрийн эрх мэдэлтнүүд, бүлгүүд ард түмэндээ хишиг хүртээх нэрийдлээр Оюу толгой, Таван толгойн гэрээ хэлэлцээрийг яаравчлуулах болов гэдэг нэг л сэжигтэй. Яагаад эрх баригчид маань үндэсний нийт бүтээгдэхүүнээсээ давсан их хэмжээний өр зээл тавих гэж чармайх болов. Магадгүй түүний хариу энэ номноос олдох ч юм билүү. Тиймээс хэдийгээр орчуулга маань дуусаагүй ч гэсэн номын оршил хэсгээс болон зохиогчийн нэрт сэтгүүлч Эми Гудмантай хийсэн ярилцлагаас цаг алдалгүй толилуулах хэрэгтэй мэт санагдлаа.
20 гаруй жилийн тэртээ Жон Перкинс номоо эхлэхдээ:
 “Бохир ажлын эдийн засагч /Economic Hit Man, цаашид “Хитмэн” гэж товчлох болно/ нар нь дэлхийн янз бүрийн улс орнуудаас тэрбум тэрбумаар нь доллар салгадаг, маш өндөр цалинтай нарийн мэргэжлийн хүмүүс юм. Тэд Дэлхийн банк, Америкийн Олон Улсын Хөгжлийн Сан болон эдийн засгийн зээл тусламж үзүүлдэг бусад олон улсын байгууллагуудаас гарч буй асар их мөнгийг том том корпорациудын дансанд болон дэлхий дээрх байгалийн баялагийг эзэмшиж байдаг тоотой хэдэн гэр бүлийн түрийвчинд оруулдаг байна. Тэдний ажлын зэвсэг нь хуурамч тайлан, сонгуулийн бульхай, авилгал, албадлага, секс тэрчлэн аллага зэрэг болно. Тэд их гүрэн үүссэн цагаас л ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөгийн дэлхийчлэлийн үед тэдний үйл ажиллагаа орчин үеийн, маш аймшигтай түвшинд хүрсэн байна. Өгүүлж байгаа маань үнэн бодит зүйл, яагаад гэвэл би тэдний нэг нь байсан юм” гээд цааш нь хэрхэн Хитмен болсон болоод хаана хаана ямар үйл ажиллагаа явуулж байсан тухайгаа баримттайгаар өгүүлжээ.

Тэрээр: “Энэхүү номыг би анх 1982 онд бичиж эхэлсэн юм. Дээрх өгүүлбэрээр эхэлсэн номын маань анхдагч нэр “Эдийн засгийн алуурчны ухаарал” /Conscience of an Economic Hit Man / гэж байлаа. Би энэхүү номоо өөрийн харилцагч байсан ба улмаар миний хүндэтгэлийг хүлээж, үнэн сэтгэлээр холбогдсон Эквадорын ерөнхийлөгч асан Джейми Рольдос /Jaime Roldos/ болон Панамын ерөнхийлөгч асан Омар Торрихос /Omar Torrijos/ нарт зориулж бичсэн юм. Аль аль нь нисэх онгоцны ослоор нас барсан. Тэгэхдээ тохиолдлын биш ослоор. Тэрээр глобал их гүрэн байгуулахыг санаархагч том том корпорацууд, банкуудын эзэд болон төрийн өндөр албан тушаалтнууд нэгдсэн бүлэглэлийн эрхшээлд автагдахыг хүсээгүйнхээ төлөө амиа алдсан юм. Бидний Хитмэнүүд Рольдос, Торрихос нарын эсэргүүцлийг яаж ч зөөлрүүлж чадаагүй учраас ажиллагаа дараагийн шатанд шилжиж бохир ажлын өөр нэг төрөл оролцож эхэлсэн юм. Энэ нь бидний ойр орчинд байгаагаа байнга мэдрүүлж байдаг америкийн Тагнуулын Төв Агентлаг /CIA/-д хамаарах мэргэжлийн алуурчдын ажиллагаа.
Тухайн үед намайг номоо бичихээ болихыг ятгаж дөнгөсөн юм. Тэр цагаас хойшхи 20 жилийн хугацаанд номоо шинээр эхлэх дөрвөн ч удаагийн оролдлого хийсэн билээ. 1989 оны америкийн зүгээс Панамд явуулсан түрэмгийлэл, Персийн булан дахь анхны дайн, Сомалийн асуудал, Осама Бин Ладен гэгч гарч ирсэн зэрэг үйл явдлууд номоо бичих хүслийг минь ахин дахин сэргээж байсан боловч тухай бүр айлган сүрдүүлэг юмуу эсвэл өөрөө хахуульд автагдан үүнийгээ хойш тавьж байлаа….
Миний амьдралын түүх заавал өгүүлэгдэх ёстой. Бид нэг талаас аймшигт хямрал, нөгөө талаас асар том боломжийн үед амьдарч байна. Миний мэт нэгэн Хитмэний туулж өнгөрүүлсэн түүх бид яагаад өнөөгийн ийм  байдалд орчихов, яагаад давж гаршгүй мэт хямралтай тулах болов гэсэн асуултын хариу болно. Дахиад хэлэхэд миний амьдралын түүх заавал өгүүлэгдэх ёстой. Яагаад гэвэл бид өөрсдийхөө өнгөрсөн алдааг ухаарсан тэр цагт ирээдүйн боломжуудыг ашиглаж чадна. Яагаад гэвэл 9 сарын 11-нд алан хядагч нарын гарт 3000 хүний амь үрэгдэж улмаар Иракт хоёр дахь удаагаа дайн эхэлсэн. Яагаад гэвэл өдөр бүр 24 мянган хүн өлсөж үхэж байна.
Эцэст нь энэ түүх өгүүлэгдэх гол учир нь өнөөдөр түүхэнд анх удаагаа энэ нөхцөл байдлыг өөрчилж чадах бүхий л арга хэрэгсэл ганцхан улсын мэдэлд төвлөрч байна. Энэ бол миний төрсөн Америкийн Нэгдсэн Улс бөгөөд би түүнийхээ төлөө Хитмэнээр ажиллаж байсаан.
Тэгээд чухам юу намайг хатгаж,  энэ сүрдүүлэг, хээл хахуулийн эсрэг зогсоход хүргэв гэсэн асуултанд хариулах хэрэгтэй байх.
Хамгийн энгийн тайлбар бол миний цорын ганц хүүхэд болох охин Жэссикатай холбоотой. Тэр маань коллежоо төгсөөд бие даан амьдрах цаг нь ирсэн тэр үед энэхүү номоо хэвлүүлэхээр завдаж байгаа боловч үүний үр дагавараас эмээж байгаагаа хэлтэл тэр: “Ааваа битгий ай. Хэрвээ танд үүнээс болж ямар нэгэн муу юм тохиолдвол таны эхлүүлснийг би дуусгах болно. Бид үүнийг таньд удахгүй бэлэглэх үр, ач нарынхаа сайн сайхны төлөө хийх хэрэгтэй” гэж хэлсэн юм.
Хоёр дахь нэлээн дэлгэрэнгүй тайлбар бол миний төрж, өссөн эх орондоо үнэнч сэтгэлээс үүдэлтэй. Мөн америкийн бүгд найрамдах улсыг Үүсгэн Байгуулагчдын тунхагласан зарчмыг эрхэмлэн сахидаг, тэдний дэлхийн бөмбөрцгийн бүх хүмүүст “амьдрал, эрх чөлөө, аз жаргалтай байх эрх”-ийг хангахаар амласан амлалтад итгэдэг болон улс орныхоо үйл хэрэгт гүнзгий автагдсан маань ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн.  Эцэст нь хэлэхэд 2001 оны 9 сарын 11-ний дараа Хитмэнүүд манай улсыг дэлхийн глобал гүрэн болгон хувиргаж байхад цаашид нэг ч хором зүгээр сууж болохгүй гэж шийдсэн юм. Энэхүү дэлгэрэнгүй тайлбар маань номны араг яс нь болох бөгөөд, түүний их бие, цус нь дараа дараагийн бүлгүүд байх болно.

Энэ бол номын эхлэл. Харин одоо нэрт сэтгүүлч Эми Гудмантай хийсэн ярилцлагыг нь толилуулья.

Э.Г: Манай ээлжит зочноор Жон Перкинс уригдаад байна. Тэрээр АНУ-ын эрх ашгийн тулд Латин Америкийн улсуудад болон дэлхий даяар триллион триллионоор тоологдох эргэж төлөгдөх зээл тусламж олгуулах ажлыг зохион байгуулалцаж явсан бөгөөд цаад улсууд нь зээлээ эргэн төлж чадахгүйн улмаас эдийн засгийн гүн хараат байдалд ордог байна. Жон Перкинс 1971-ээс 1981 онууад Чес Мэйн /Chas Main/ хэмээх олон улсын консалтингийн компанид ажиллаж байсан. Өөрийгөө эдийн засгийн алуурчин /Economic HitMan/ байсан гэх бөгөөд “Эдийн засгийн алуурчны өчил” нэртэйгээр түүхэн дурсамж номоо бичиж гаргажээ. Түүнийг студидээ урин ярилцахдаа эхлээд CIA /Америкийн Тагнуулын Төв Байгууллага/-гаас ч хүчирхэг NSC /Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл/-д хэрхэн элссэн болон олон улсын консалтинг компани болох Чес Мэйн-д яагаад ажиллах болсныг сонирхсон юм.
Ж.П: Энэ бол 60 – аад оны сүүлч буюу 1968 онд болсон явдал. Менежер болохоор суралцаж байсан үе. Тэр үед л намайг ҮАБЗ өөртөө элсүүлсэн. Хувийн зан чанарыг тодорхойлох шат дараатай тестүүд авч, үнэн худлын хамгийн мэдрэмжтэй детектор дээр хамаг нарийн ширийнээ шалгуулсны эцэст тэд намайг эдийн засгийн хөлсний алуурчинд онцгой тохирох хүн хэмээн үзсэн юм. Тэд миний зан чанар дахь хамгийн сул талуудыг ч илрүүлсэн. Миний сул талууд бол манай нийгэм дэх хамгийн түгээмэл өвчин болох мөнгө, эрх мэдэл, секс гурав байлаа. Би номондоо энэ тухай олонтаа өгүүлсэн. Эхлээд намайг сайн дурынхны Энх тайвны корпуст /Piece Corp/ орж ажиллахыг шаардсан. Би гурван жил Эквадорт Энх тайвны корпусын сайн дурын ажилтнаар нутгынхны дунд ажиллаж, амьдарлаа. Өнөөдөр тэр нутгийнхан маань нефтийн компаниудтай эрх ашгаа хамгаалан тэмцэж байна. Уг үйл явдлын эхлэлийг тухайн үед бид тавьсан юм. Миний анхны ажлын гараа, анхны практик алхам маань тэр байсан юм. Эквадорт байх үед маань ҮАБЗ болон тагнуулын байгууллагуудтай ойр дөт ажилладаг, Бостоны Чарльз.Т Мейн хувийн консалтинг компаний дэд ерөнхийлөгч надтай биечлэн уулзаж өөрийн компанид ажиллахыг санал болголоо. Тэгээд Энх тайвны корпусаас гарч тэдний компанид ажилд орсон. Ингээд Бостонд ажиллах болж, шинэ мэргэжилд минь сургахаар Клодин гэх үнэнхүү гайхалтай чадварлаг үзэсгэлэнтэй эмэгтэй томилогдов. Тэр үнэхээр ухаантай, маш өндөр боловсролтойн дээр хүнийг урхидахдаа гаргуун нэгэн байлаа. Намайг ч урхидсан. Хэрхэн намайг эрхэндээ оруулах аргаа тэр маш сайн мэдэж байлаа. Миний өгч байсан тестүүдтэй өмнө нь танилцсан байсан учир миний сул талуудыг ашигласан хэрэг. Ийнхүү тэр намайг эдийн засгийн хөлсний алуурчны ажилд татан оруулах үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Гэхдээ тэр надад урьдчилан миний хийх ажил бол бохир бизнес гэдгийг сануулж, нэгэнт шийдсэн бол өөрийгөө үйл хэрэгт бүрэн зориул, эсвэл Индонезид гүйцэтгэх анхны даалгавраасаа бүрмөсөн татгалз гэж билээ.           

Э.Г: Сонсогчид эдийн засгийн хөлсний алуурчин Хитмен гэж юуны тухай яриад байнаа гэж асуух байх. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

Ж.П: Ерөнхийд нь хэлэх юм бол сүүлийн 30-40 жилд бид буюу өөрөөр хэлэх юм бол Хитменүүд хүн төрөлхтний бүхий л түүхэнд байгаагүй тийм том их гүрнийг бий болгосон юм. Бидний арга барил янз янз байдаг л даа. Хамгийн нийтлэг арга бол эхлээд бидэнд ирээдүйд хэрэг болох баялаг бүхий гурав дахь ертөнцийн улс орныг олох. Одоо бол нефть бүхий улс илүү сонирхолтой, харин Панамын хувьд түүний эзэмшлийн суваг байсан. Аль ч тохиолдолд бид тухайн улсад очиж олон улсын санхүүгийн байгууллагуудаас асар их зээл олгуулах ажлыг зохион байгуулдаг. Энэ процессыг голчлон Дэлхийн банк удирдан явуулна. Жишээ нь бид тухайн оронд тэрбум долларын зээл олгуулья. Энэхүү зээлийн нэг нөхцөл нь нийт мөнгөний ойролцоогоор 90 хувь нь Америкийн аварга корпорацууд болох Бештель /Beshtel/, Халлибертон /Halliburton/ зэргийн дансанд орох ёстой. Эдгээр корпорацууд нь өнөөх сонгосон буурай оронд аварга цахилгаан станц, зам гүүр, усан боомт, үйлдвэрийн парк гэх мэтчилэн дэд бүтцийн шинжтэй том том төслүүдийг хэрэгжүүлнэ. Энэхүү том төслүүд үнэн чанартаа тухайн улсын баян чинээлэг хэсэгт л ашиг тусаа өгнө. Харин ядуу болон дунд хэсгийнхэн хохирол амсч, тэрхүү зээлийн ашиг тусыг үзэхгүй. Нийгмийн шинжтэй арга хэмжээ, хөтөлбөрийн хэрэгжилт санхүүжилт зээл, хүүгийн төлбөрөөс болж эрс муудна. Эцсийн бүлэгт тухайн улс асар их өрөнд тунаж төлбөрийн чадваргүй болно. Жишээ нь өнөөдөр Эквадор ийм байдалтай байна. Хитменүүдийн ажлын үр дагаварт өнөөгийн Эквадорын гадаад зээлийн хэмжээ нийт төсвийн 50 хувьтай тэнцэж байна. Одоо тэр улс өрөө барагдуулах чадваргүй болсон. Ийм нөхцөлд гуравдагч ертөнцийн олон улс орон орчихоод байгаа. Одоо бидний ажил бол тухайн улсад очиж “Бид та нарт зээл өгсөн. Та нар эргүүлж төлж чадахгүй юм байна. Тэгэхээр зээлийнхээ төлбөрт нефтийн компаниа манайд хямд үнээр өг гэнэ”. Ийм байдалд орсон олон улс орны хувьд үр дагаварт нь байгал орчин сүйдэж, нутгийн иргэдийн амьдралын хэв маяг, ёс заншил устахад хүрдэг. Үүний жишээ бол Эквадор. Энэ бол бидний ажлын үр дагавар. Дэлхийн 2-р дайн дөнгөж дууссанаас хойш л энэ ажил эхэлж өнөөдөр бараг бүх дэлхийг хамран ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа шат дараалан ахисаар өнөөдөр тоймлохын аргагүй хэмжээнд хүрсэн. Хэлэх юм бол дэлхийн бараг бүх баялгийг бид хяналтандаа байлгаж байна.

Э.Г: Та одоо Панамд болсон явдлын талаар ярихгүй юу. Та Панамын Ерөнхийлөгч асан Омар Торрихос алагдахаас өмнө түүнтэй учирч явсан.

Ж.П: Тухайн үед Панам улс онцгой ач холбогдолтой улс байсан бөгөөд Омар Торрихос тус улсын Ерөнхийлөгч нь байлаа. Түүнээс өмнөх Ерөнхийлөгчид нь олигархийн төлөөлөл болсон дарангуйлагчид, Америкийн утсан хүүхэлдэйнүүд байлаа. Панамыг эрхшээлдээ оруулсны дараа тэднийг бид бий болгож, хянадаг байсан юм. Омар Торрихос бол энэ уламжлалыг эвдсэн анхны хүн төдийгүй улс орондоо асар их нэр хүндтэй Ерөнхийлөгч байлаа. Дотооддоо төдийгүй олон улсын тавцанд ч нэр төртэй нэгэн байв. Олон хүн түүнд Нобелийн шагнал олгох ёстой гэж үздэг , хэрэв амь насаа алдаагүй бол хэрэв түүнийг алчихаагүй бол тэр шагналыг авах л байсан. Хаа явсан газраа эрх нь зөрчигдөгсдийг хамгаална. Тухайн нөхцөлд Америкийн Ерөнхийлөгч Картер Торрихосыг урьж Панамын сувгийг ашиглах шинэ гэрээ байгуулахыг санал болгосон ба эцсийн бүлэгт гэрээ нь батлагдсан. Шинэ гэрээ Конгресст ганцхан хүний саналаар хүлээн зөвшөөрөгдлөө.  Гэхдээ л тэр манай улсад маш их саад тотгор учруулж байлаа. Гэрээ хэрхэн батлагдахаас үл хамааран, ерөөсөө гэрээтэй холбоотой үйл явцаас ч үл хамааран бид Панамыг буулгаж авах аргыг хайж олох хэрэгтэй болсон юм. Би Панамд 1972 он хүртэл буюу гэрээ батлагдах хүртэл байсан. Торрихосын арга эвийг олох гэж, түүнийг урхинд оруулах гэж хичээсэн. Бусдыг эрхшээлдээ оруулсан бүхий л аргаа хэрэглэж үзсэн. Тэр нэгэнтээ надтай хувиараа уулзах уулзалт зохион байгууллаа. Энэ уулзалтын талаар номондоо дэлгэрэнгүй бичсэн байгаа. Ерөнхийд нь түүний хэлснийг дамжуулахад тэрээр “За чи сонсож бай. Та нарын яаж тоглох гээд байгааг  мэдэж байна. Юу гээчийг найруулаад байгааг чинь ч мэдэж байна. Биднийг асар их өрөнд унагах, тэгээд өөрсдөөсөө бүрэн хараат болгож аваад яваандаа намайг авилга руу түлхэнэ. Би энэ тоглоомыг мэднэ. Тэгээд ч ийм тоглоом тоглодоггүй. Та нарын мөнгө надад хэрэггүй. Ийм тоглоомоор хувьдаа ашиг хонжоо олох хүсэл сонирхол надад байхгүй. Би өөрийн ард түмэндээ тус хүргэхийг хичээж байна. Та нар энэ яриад байгаа бүтээн байгуулалтаа эрх мэдэлтэн, олигархуудад биш харин ашиг тус нь ядууст хүрэх төсөл болго. Хэрэв чи үүнийг зохион байгуулж чадах юм бол та нарт, танай компанид ашигтай олон гэрээ контрактийг манай улс хийх болно. Манай ард түмэнд тус болох сайн ажил хэрэгтэй байна” гэлээ. Хөлсний эдийн засагчийн хувьд уул нь түүнийг би урвуулах учиртай. Түүний сул талыг олж торонд оруулах ёстой. Голлох эдийн засагчаар нь ажилладаг өөрийн компанидаа төсөл олж авахыг үнэхээр хүсэж байлаа. Гэтэл энэ хүнтэй уулзсанаараа миний дотоод зөрчил намайг идэх болсон юм. Хөлсний эдийн засагчид яаж ч оролдоод энэ хүнийг нугалж чадахгүй нь тодорхой болсон. Тэгээд би түүний тавьж буй нөхцлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон юм. Үүний зэрэгцээ Торрихосын өмнөөс айдас маань хүрч байлаа. Учир нь бидний тогтолцоо анхнаасаа Торрихосын адил зиндааны удирдагчид дэлхийн хаана ч бай ялгаагүй авилгад автагддаг гэсэн тулгуур ойлголтон дээр суурилж бий болсон учир энэ тохиолдолд яах бол гэхээс айж байсан юм. Хэрэв хэн нэгэн тогтсон системийг Торрихос шиг сөрвөл нэг талаас бид хүссэнээ авч чадаагүйн улмаас Панам улсад занал учраад зогсохгүй энэ нь бусад улс орнуудад муу үлгэр дууриал болох учир өөр ч үр дагавар үүсгэж болох байв. Торрихосын жишээгээр өөр нэгэн лидер системийг сөрөн зогслоо. Энэ бол Эквадорын Ерөнхийлөгч Жейми Рольдос / Jaime Roldos /  байлаа. Тэр хоёр хамтдаа Америкийн засгийг нэг ёсондоо тулаанд дуудсан юм. Тэд хөлсний эдийн засагчид, нефтийн мангасуудаас улс орноо хамгаалж байсан бөгөөд энэ нь миний айдсыг төрүүлж байлаа. Ийм байдлаар цааш үргэлжилбэл ямар нэгэн муу юм тохиолдоно доо гэсэн совин надад байсан. Үнэхээр ч миний бодсончлон тэд амь насаа алдсан. Хоёр Ерөнхийлөгчийн амь насыг CIA –ийн санкцитайгаар хөлсний алуурчид, бидний нэрлэдгээр /шакалууд/ цөөвөр чононууд  хөнөөсөн юм.

Үргэлжлэл бий

ЗохиогчПеркинс Джон
ОрчуулагчУндрал Г., Ганбаатар А.
РедакторМаам Х.
Түлхүүр үгЭквадорын ерөнхийлөгч, Панам, авилгал, Саудын араб, эдийн засгийн алуурчин, ядуу буурай орнууд, ашигт малтмалтай газар, орд газар, стратегийн ордууд, авилгын тухай, төрийн захиргааны онол хандлага хичээлээр нэмэлт унших материал
Хэвлэсэн
УлсМонгол
ХотУБ
Хэвлэлийн газарУлаанбаатар принт ХХК
Он2010
ХэлМонгол

Wednesday, May 6, 2009

Ногоон цай, mild seven, дуу хураагуурын жижиг аппараттай…миний эрх чөлөөний өдөр

“Ярилцъя” булангийн энэ удаагийн зочин улстөрч А.Ганбаатар. Монголын социал демократ намын дарга. Бас “Үг” студийн захирал гэдгээр нь олон нийт мэднэ. Бидний яриа хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу тавдугаар сарын гурванд болсон юм.
-Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдөр яагаад сэтгүүлчтэй биш улстөрчтэй ярилцаж байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирэх байх. Гэвч өнөөгийн хэвлэлийн эрх чөлөөний тухай бодит орчин ямар төвшинд байгааг хамгийн гүн гүнзгий мэдэрсэн, энэ гажуудлаас болж магадгүй сэтгэлдээ том шарх авсан хүний нэг учраас таныг сонгосон юм.
-Тийм үү.
-Өчигдөр бид утсаар ярьж байхад та надад нэг асуулт тавьсан. Тэр ойлголт хаана байна вэ гэж. Яриагаа эндээс эхлэе. Нээрээ тэр ойлголт хаа явах шиг байна вэ?
-Өнөөдөр тавдугаар сарын гурван. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Хүний үг хэлэх, үзэл бодлоо лэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг нь өөрөө хүний үндсэн эрх чөлөөний гол цөм ойлголт л доо. Хоёрдугаарт, энэ эрх чөлөө их үнэ цэнэтэй олддог. Жишээ нь дарангуйлагч нийгэмд бол хэвлэл мэдээллийн байгууллага нь дарангуйлагч нартаа үйлчилдэг. Дарангуйлагч нарын ард түмнээ хуурах гол хэрэгсэл нь болж өгдөг. Ардчилсан улс орнуудад бол ардчилсан байхын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээ өөрийнх нь гольдирлын дагуу, эрх чөлөөг нь олгож ажиллуулдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрөө үндсэн үүргээ гүйцэтгэж чадаж байх юм бол нийгэм нь цэвэршиж байдаг. Ийм л зүйл байгаа юм. Өчигдөр телевизийн сувгуудыг харлаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдрөөр нөгөө энэ чиглэлийн элдэв холбоонууд, түүний удирдлагууд болох С.Баярмөнх, Р.Хадбаатар эд нар л нэг их баяр хөөртэй улсууд баяр тэмдэглэх гэж байгаа байдалтай гарцгааж байх юм. Хэвлэл мэдээллийн ажилтнуудын баяр болгож хувиргаж байгаа юм уу даа. Алт мөнгөн үзэг ч гэх шиг элдэв шагнал зохиож нэг нэгнээ шагнадаг, бие биенээ магтдаг өдөр ч болчихсон юм шиг харагдаж байна л даа. Бодит байдал дээр өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт баярлаж хөөрөөд байх орчин огт байхгүй байна шүү дээ. Үнэхээр ардчилсан нийгэмд байх ёстой тэр зүй ёсны байр суурин дээрээ хэвлэл мэдээллийн байгууллагууд байж чадахгүй байна. Харин эсрэгээрээ том анхаарлын тэмдэг босоод ирчихсэн байгаа биз дээ. Өнөөдөр энэ салбар хэдэн улс төрчдийн, хэдэн олигархийн, эсвэл аль нэг нам хүчний мэдэлд л байгаа биз дээ. Нөгөө ёс зүйн код моод нь хаана байна. Ийм гол юмнууд нь өнөөгийн нийгэмд төлөвшөөгүй байна.
-Хуучин нийгмийг халсны дараа та бүхний монголын ард түмэнд авчирч өгсөн нэг том зүйл нь хэвлэлийн эрх чөлөө байсан. Харин үүнийгээ тунхаг төдий гаргаж шидчихээд, цаашдынх нь хөгжил, зүй тогтолд анхаарлаа хандуулалгүй сул хаячихсан. Нөгөө өөх өгсөн хүнтэй өглөө үдэшгүй заргалдана гэгчээр зүйл асууж байж магадгүй, гэхдээ?
-Нэг талаас тийм л дээ.
-Жишээ нь саяын таны хөнддөг ёс зүйн кодыг дөнгөж хоёр гуравхан жилийн өмнөөс л бид ярьж эхэлсэн шүү дээ. Гэтэл монгол орон ардчиллын замаар ороод 20 жил болчихоод байна. Төрийн мэдлийн хэвлэлүүдийг халж хувьд шилжүүлсэн. Шинээр ч олныг байгуулсан. Өнөөдөр тэдгээрийг атгаж байгаа хэсгийнхэнд ардчилсан хүчнийхэн өөрсдөө ч тодорхой хувийг эзэлж байгаа шүү дээ?
-Хэвлэлийн эрх чөлөөний хууль гэж нэг тийм тунхаглалын шинжтэй хууль гарсан. Ихэнх нь зүгээр л тунхаг байдаг нь үнэн. Жишээ нь мэдээлэл хаж олж авах эрхтэй ч гэдэг юм уу. Чухамхүү тэр мэдээлэл олж авах, хайх, баталгаажуулах эрх нь хэрхэн хэрэгжих вэ гэсэн үндсэн механизмуудыг нь хийж өгөөгүй. Нэлээн олон жилийн өмнө гаргасан хуулийг яриад байна шүү дээ. Уг нь бол нэгэнт хууль гаргаж байгаа юм чинь цаана нь эрх чөлөөг нь хангасан механизмуудыг нь хийж өгөх ёстой байсан. Тэрийг нь хийгээгүй. Тухайн үед бидэнд бололцоо ч байгаагүй. Одоо УИХ-аар хэлэлцэгдэхээр өнгөрсөн парламентын үед тавигдсан нэг хууль ойрын үед батлагдах юм шиг байна. Энэ хууль байгаа хэлбэрээрээ батлагдаад гараад ирэх юм бол нөгөө тунхагын шинжтэй хууль чинь жинхэнэ амьдрал дээр хэрэгжих боломжтой болох нөхцөл байдал бий болж байгаа байхгүй юу.
-Бид нарт бол нэг их баярлан хүлээж авахаар хууль гарч ирнэ гэсэн найдлага алга байна. Яагаад гэвэл яг жинхэнэ фронт дээр ажиллаж байгаа сэтгүүлчдийн оролцоо юу байв, тэгээд санаачилж оруулж байгаа нөхдүүд нь хэн юм гээд аваад үзэхээр нэг их…
-Би яг тэр хуулийг нь үзсэн. Тэр бол боломжийн хууль байна лээ. Яагаад гэвэл 2001 Польш улсад яг тийм хууль батлагдсан юм. Би тэр хуулийг орчуулж, нарийн судалж, өөр бусад хуулиудтай харьцуулж үзсэн л дээ. Энэ хууль гарсны дараа юу өөрчлөгдөх вэ. Энэ хуулийн ачаар сэтгүүлчдэд олж авсан мэдээллийнхээ баталгаа болох баримтуудыг гаргаж авах эрх нь нээгдэж байгаа байхгүй юу. Би ганцхан жишээ ярьж өгье. Миеэгомбын Энхболд Улаанбаатар хотын захирагч байх үедээ орон нутгийн сонгууль болохын өмнөхөн 17 компанид Улаанбаатар хотын стратегийн цэгүүдэд шатахуун түгээх станц барих зөвшөөрөл олгох тушаал гаргасан. Нэг шөнө шүү дээ. Тэр мэдээлэл бидэнд хаанаас ирсэн гэхээр хотын захиргаанаас ирсэн. Тэгээд бид “Үг” сонин дээрээ тавьсан. Гэвч дараа нь асуудал яаж шийдсэгдсэн гэхээр М.Энхболд шүүхэд хандаад “Миний ажил хэргийн нэр хүндийг сэргээ” гэсэн. Нийслэлийн захирагчийн тамга тэмдэгтэй бичиг шүүх рүү явуулахгүй юу. Шүүх айна биз дээ. Эцэст нь манай сонин буруудаад, М.Энхболдод маш их мөнгөний торгууль төлж байлаа ш дээ. Хэрэв энэ хууль байсан бол бид уг мэдээллийг олж авсан даруйдаа нийслэлийн захирагчийн албанд нь хандаад, мэдээллээ баталгаажуулах холбогдох баримт бичгүүдийг гаргуулж авах боломжтой байх байсан байхгүй юу. Гаргаж өгөх үүрэг нь энэ хуулиар ногдож байгаа. Польшид бол сэтгүүлчид нь маш том оролцоотойгоор энэ хуулийг батлуулсан. Маш том лобби бүтэг байгуулж ажилласан. Түүнээс биш эрх баригчдад бол энэ хуулийг батлах сонирхол байдаггүй.
-Таны эрхэлдэг компаниас гаргаж байсан “Үг” сонинд тохиолдсон явдал бий. Хэрэв энэ хууль гарчихсан байсан бол танай эрхлэгч ял эдлэхгүй байх боломж байсан уу?
-Би Миеэгомбын Энхболдтой холбоотой асуудал ярьлаа шүү дээ. Энэ хууль гарсан байсан бол бид тэр дор нь нийслэл хотын засаг захиргааны байгууллагад хүсэлт тавиад, холбогдох, баталгаажуулах баримтуудыг гаргаж авах байсан.
-Хотын захирагчийн гаргасан тушаал эхээрээ ч юм уу, ядаж хувилсан нь байгаагүй юм байна?
-Байгаагүй. Гэхдээ ШТС-ууд нь дараа нь баригдчихсан л байхгүй юу.
-Аман мэдээллийг утсандаа ч юм уу хураагаад авчихсан бол шүүх дээр торгууль хүлээхгүй байх боломж байж?
-Би сэтгүүлчдийн тэр нарийн янз бүрийн аргыг мэдэхгүй. Байж болдог л байх.
-Танайд тохиолдсон дараагийн баримт руу орж уг нь түрүүн асуусан юм. Хамгийн хаалттай нийгмийн үед ч манайд сэтгүүлч хүн ял эдэлж байгаагүй. Гэтэл танай эрхлэгч яллуулсан. Яг тэр тохиолдолд та нарт өөрийгөө хамгаалах боломж байсан юм уу?
-2000-2004 онд Монгол оронд хаалттай нийгэм тогтчихсон байсан үе. Өөрөөр хэлбэл Намбарын Энхбаяр МУ-ын Ерөнхий сайд болчихсон байсан, МАХН-ын дарга болчихсон байсан үе. МАХН парламентад үнэмлэхүй олонхи байлаа. Яг энэ үед монгол оронд чинь хаалттай нийгэм бий боллоо шүү дээ. Тэгээд эрх баригчид нь юу хүссэн бэ гэхээр бүх сонин сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хяналтдаа байлгахыг хүссэн. Тэрийгээ хэрэгжүүлсэн. Чөлөөт хэвлэл гэдэг чинь эрх баригчдаасаа хэт ангид байж байж өөрийнхөө үүргийг гүйцэтгэдэг салбар биз дээ. Гэтэл тэр эрх барьж байгаа хүн нь “Чөлөөт хэвлэлийг дэмжих сан” гэж байгуулаад, тэр сандаа бүх сонинуудыг хамаж аваачсан. Зарим талаар дарамтаар аваачсан ч гэж үзэж болно. Сангийн захирал нь жишээ нь “Сэрүүлэг”-ийн С.Баярмөнх гэж нэг нөхөр байдаг ш дээ. Одоо энэ хэвлэлийн эрх чөлөө гээд л баярлаад л, орилоод л, шагнаж, шагнуулж гүйгээд байгаа нөхөр. Манай “Үг” сонин бол энийг сөрж зогссон. Ийм байж болохгүй ээ гэж. Эцэст нь чөлөөт хэвлэлийг зөвхөн өөрсдийгөө магтдаг хэрэгсэл болгож хувиргасан шүү дээ. Бүр утгыг нь алдуулсан. Нөгөөдүүл нь зүгээр л магтаалын хур буулгаж байдаг хүчин болж хувирсан. Манай ерөнхий сайдын гэргий бол үзэсгэлэн гоо моо гээд л тэр үеийн сонинуудыг хэрвээ санаж байгаа бол ичмээр юм байдаг. Дэлхийн супер од Ричард Гир ирээд санаашраад, дурлаад яасан яасан ч билээ. Бүр ичиж үхмээр, шившигтэй юмнууд бичдэг байсан. За тэгээд Чингис хааны удам мудам л гэнэ. Тэр үеийн сонинуудыг зориуд нэг эргэж хараарай. “Сэрүүлэг”, “Монголын нэг өдөр”, “Хүмүүс” энэ тэр гээд сонинууд байна ш дээ. Эд чинь зүгээр л эрх баригчдад үйлчилдэг алиа салбадайнууд байсан. Тэрийг сөрж зогсдог нь ганцхан “Үг” сонин байсан. “Үг” сонин бол маш хурдан газар авсан. 2001 онд Сонинуудын холбооноос “Үг” сонинг шилдэг сонин болгож байлаа. Б.Ханддолгорыг оны шилдэг сэтгүүлч болгож шагнаж байлаа. Гарцаа байхгүй ялгарч, сөрж чадаж байснаараа олон түмний талархлыг хүлээж эхэлсэн. Үүнээсээ болоод занаанд орсон. Дарах, хаах сонирхол асар их болсон. Тэгж байтал Сэлэнгэ аймгаас манай эрхлэгч Б.Ханддолгорын итгэлийг олж авсан нэг сурвалжлагч нэг мэдээ явуулахгүй юу. Дөнгөж хилийн цаахан хүртэл дох гэдэг тэр өвчин чинь газар авчихсан байлаа. Монгол руу орж ирэх тийм аюул бодьтой нүүрлэж байсан. Яг энэ үед хилийн орчим суурин газар нэг вирус тээгч байна гээд бүр нэр устай нь бичээд ирүүлсэн. Нөгөөдөхийг нь сэрэмжлүүлэг гээд Б.Ханддолгор сониндоо нийтэлсэн. Тэр үе чинь дөнгөж дохын илрэлийн тухай л ярьж эхэлж байсан үе шүү дээ. Ийм үед ялангуяа орос руу байнга зорчдог тэр хэсгийхнийг анхаарахгүй бол дохын аюул манайд орж ирлээ л гэсэн сэрэмжлүүлэг байсан. Ирсэн мэдээлэл нэг нэртэй байсан. Тэр нэрийг нь манай эрхолэгч тавиад явуулчихсан. Энэ бол түүний хамгийн том алдаа л даа. Нэр тавьж болохгүй шүү дээ. Энэ бол өөрийнх нь алдаа мөнөөсөө мөн. Тэгээд тэр асуудал чинь хоёр талын хүмүүс уулзаад, ойлголцоод, үндсэндээ замхарчихсан байсан юм шүү дээ. Гэтэл гай болж нөгөө эмэгтэй нөхөртөө зодуулаад нас барчихсан. Байнга л зодуулж, дарамтлуулдаг байсан юм билээ. Тэгээд л нэг удаагийн зодууранд нь амь насаа алдсан. Мэдээж ийм явдал “Үг” сониныг дарж авах том шалтаг болж өгнө биз дээ. Дор нь Б.Ханддолгорыг барьж аваачаад шоронд хийчихсэн. Б.Ханддолгорыг мэдээ өгсөн хүнээ хэл л гэж шахсан. Манай эрхлэгч мэдээллийнхээ эх сурвалжийг хэлэхгүй гэж гүрийгээд л тийм байдалд хүрсэн.
-Үнэхээр харамсалтай явдал. Тэгээд юу болсон бэ. “Үг” сонин одоо яагаад гарахгүй байгаа юм. Нугалуулчихсан уу?
-Б.Ханддолгорыг аваачаад шоронд хийчихээр яах юм бэ. Мэдэхгүй их л амархан шийдэгдчихсэн. Яасан ч хурдан шүүх хурал мурал нь болж байв. Ингээд үйл ажиллагаа зогссон. Ажиллаж байсан машины толгойг нь тасдаад хаячихаар яахав. Тэр эрхлэгчийн өөрийнх нь бий болгосон команд задарч, байхгүй болно биз дээ. Маш их ч хөрөнгө мөнгө зарцуулагдсан. Эргэж босч ирэхэд хэцүү болсон л доо. Нэгэнт босоод ирчихсэн байсан юмыг асар том хүчээр унагаад хаячихаар эргэж босч ирнэ гэж байдаггүй юм билээ. Манай сониныг унагахад бас их үүрэг гүйцэтгэсэн нөхдүүд чинь одоо энэ Ардчилсан намын “Алтан гадас”-ынхан ш дээ.
-Яаж?
-Манай сонины гол захиалагчид ардчилсан намыг дэмжигсэд болон ардчилсан намын гишүүд байлаа. Нийтдээ бид чинь 5000 гаруй хувь хэвлэдэг байсан юм ш дээ. Өнөөдрийн энэ хэвлэлүүд чардайгаад чардайгаад 1000-2000 л байгаа. Ингээд явж байсан чинь нөгөө нөхдүүд чинь Ардчилсан намын аль эрт байхгүй болчихсон байсан, үхчихсэн байсан “Сайн байна уу” сонингоо гаргаж ирж намынхандаа шахаад эхэлсэн. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь хоёр сонин захиална гэхээр хэцүү болоод ирнэ биз дээ. Заавал “Сайн байна уу” гэдэг тэнэг сониноо захиал гэж өвчигнөөд унасан. Тэндээс яагаад тийм сонирхол явуулсныг би одоо хүртэл ойлгодоггүй юм. Эсвэл А.Ганбаатар гэдэг хүнийг унагах сонирхол нь давамгайлсан юм уу. Би нөгөө сөрж яваад байдаг учраас. Тэдэнтэй хамт яваагүй, зам салсан учраас уу бүү мэд.
-Ганцаараа яваад л уу. Та үргэлж ганцаараа л харагддаг. Сүүлийн арван хэдэн жилийн турш тэгж л харагдлаа?
-Би ганцхан факт хэлье тэгэх үү. Монголын Социал Демократ намыг сэргээн байгуулъя гэж бид шийдээд, байр сууриа илэрхийлэхэд хоёрхон өдрийн дотор мянга хэдэн зуун хүн цугласан. Тэгэхээр ямар хэмжээний хүлээлт байсан нь харагдаж байгаа биз дээ. Улс төрийн нам байгуулахад эхлээд 800 хүн хэрэгтэй байдаг биз дээ. Гэтэл хэд цуглаж байна. Зүгээр л анхны байдлаар зар тарахад шүү дээ. Үй олноороо ирж байгаа байхгүй юуТэгэхээр би ганцаараа биш байгаа биз дээ. Яахав дуугардаг нь би харагдаад байж магадгүй.
-Тэгвэл ардчиллын төлөөх таван нам нэгдээд Ардчилсан намыг сүүлд байгуулж байхад энэ амбиц тань яагаад байгаагүй юм бэ?
-2000 онд эд нар ялагдсан. МАХН үнэмлэхүй ялалт байгуулж гарч ирээд 15 мянган хүнийг ажлаас халсан. 15 мянган төрийн албан хаагчийг. Энэ олон мянган хүмүүсийн тал хувь нь манай МСДН-ын ч юм уу, МҮАН-ын ч юм уу гишүүнчлэлтэй улсууд байсан. 1996-2000 оны хооронд Ардчилсан хүчнүүдтэй хамтарч ажиллаж байсан гэж өөрийнхөө намын хүмүүсийг хүртэл зайлуулсан юм шүү дээ. Ёстой их цэвэрлэгээ хийсэн. Энэ явдал үнэхээр аймшигтай айдсыг төрүүлсэн. 2000 он хүртэл ардчиллын үнэ цэнийг мэдрээд, үнэт зүйлсийг нь хамгаалж явах ёстойгоо ухамсарлаж эхэлж байсан, түүнийхээ төлөө явж байсан хүмүүст гэнэт тийм айдсын үүл нөмөргөж хаясан. Нийтээр нь төрийн байгууллагуудад их цэвэрлэгээ хийгээд, халаад солиод, гаргаад хаячихсан. Тэр мэддэг чаддаг байна уу, туршлагажсан байна уу хамаа байхгүй хоморголон цэвэрлэсэн. Энэ үзэгдэл бусад намуудын дотор айдас төрүүлэхгүй юу даа. Тийм учраас ерөөсөө л нэгдэе гэсэн уур амьсгал бүрэлдсэн. Ерөөсөө нэгдэхгүй бол болохгүй нь гэсэн том шуурга, давалгаа явагдсан гэсэн үг. Тийм зүйлийг сөрж зогсох боломж байгаагүй л байхгүй юу. Бүгд энэ бодлогыг хүлээж авсан. Шийдвэрээ гаргацгаасан. Тэр үед би “Үг” гэдэг нэрээ аваад л үлдсэн. Би чөлөөт хэвлэл мэдээллийн салбарт ажилланаа гээд.
-МСДН-д олон том лидерүүд байсан. Танаас бусад нь өнөөгийн Ардчилсан намд орон зайгаа эзлээд л явж байна. Жишээ нь Баабар байна. Р.Гончигдорж байна. Та яагаад тэдэнтэйгээ явж болоогүй юм бол оо. Асуухсан гэж бодоод л байсан юм?
-Хөөе хөөе Ардчилсан намыг нэгдэхэд надад чинь намын ерөнхий нарийн бичгийн дарга болоод явах уу гэсэн санал хүртэл ирж байсан юм шүү.
-Тэгээд яагаад?
-Үгүй. Миний явах зам биш байна гэж би хариулж байсан. Биш ч байсан. Одоо ч биш.
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай ойлголт хаана байна вэ гэдэг асуултаас илүү танд тавих нэг асуулт байна. Өнөөдөр монголын улс төрийн орчинд тэр социал демократ гэх үзэл, тэр голомт хаана байгаа вэ. Амьд байгаа юу. Эсвэл?
-Наадах чинь ёстой хамгийн сонин асуулт байна. Би бас нэлээн юм хум уншиж, үзэж хардаг юм л даа. Одоо дэлхийг хамарсан энэ нео либерал үзэл гэж нэг юм байна л даа. Энэ үзэл чинь явсаар байгаад өнөөдрийн энэ аймшигтай байдалд хүргэлээ ш дээ. Энгийн үгээр хэлэхэд чадаж байгаа юманд арга байхгүй. Чадаж байгаа нь амьдар, чадахгүй нь үх гэдэг энэ зарчмыг л бий болголоо. Төрийн үүргийг дэндүү багасгаад, бусдыг нь бүгдийг аваачаад хувийн санаархал дээр асгаад өгчихсөн. Үүний үр дагавар эцсийн бүлэгтээ өнөөгийн энэ хүнд хэцүү байдлыг бий болгочихлоо шүү дээ. Гэтэл европын орнууд яагаад илүү тийм тогтвортой байгаад байдаг юм бэ. Европын орнуудын үзэл санаан дотор социал демократ үзэл санаа байнга хадгалагдаж байдаг байхгүй юу. Жишээ нь нийгмийг тэнцвэртэй хөгжүүлэх үзэл байна. Тэр үзэл санаан дээр чинь л европчууд ийм тогтвортой байгаад байдаг юм шүү дээ. Доод хэсгээ үргэлж дээш нь татаж явдаг. Нийгэм илүү тэнцвэртэй байх талыг л гол бодлогоо болгож явдаг. Энэ үзэл санаа бол социал демократ үзэл.
-Би танаас монголд энэ үзлийг тээж байгаа тэр голомт хаана байна вэ гэж асуусан?
-Үгүй ээ, энэ чинь зүгээр л хүмүүсийн дотор байж байдаг зүйл байхгүй юу. Гэтэл бодлого чинь өөрөө шал өөр юм руу явчихлаа ш дээ. Дэлхийг хамарсан тэр нео либерал үзлийн урсгалд монгол тэр чигээрээ хамрагдаад л явчихсан байхгүй юу.
-Монголын улс төрд маш удаан амьдраад байгаа олон жижиг намууд байдаг. Нэг үгээр амь бөхтэй байгаад байдаг уран сайхны намууд. МСДН-д тийм дайнд ч гэсэн яваад байх боломж байгаагүй юу?
-Манай намын нөхдүүд ярьж байгаа. Энэ тавдугаар сарын сүүлээр их хурлаа хийе гэж. Тэнд л чухамхүү монгол улс юун дээр, хаана, яаж явж байгаа юм бэ гэдгийг гаргаж тавих ёстой. Одоо бол зүгээр л залуургүй завин дээр л хөвж яваа байхгүй юу. Татварын бодлого нь гэхэд шал өөр юм байж байдаг. Нийгмийн бодлого нь бүр өөр юм байж байх жишээний. Юу болоод байгаа нь ойлгомжгүй. Ямар нэгэн зөв харьцаа, тэнцвэр гэсэн юм байхгүй. Энэ байдалд дүгнэлт хийх ёстой. Социал демократ үзэл санаа дэлхийд ямар түвшинд хөгжчихөөд байна. Үүний ачаар улс орнууд ямар түвшинд хүрчихээд байна. Бүгдийг гаргаж тавих, ярих цаг болчихоод байна. Тэгсэн тохиолдолд хүлээж авах асар олон улсууд байгаа гэдгийг мэдэрч байна. Социал демократ үзлийг алчихсан хүмүүс чинь одоо энэ МАХН-ын нөхдүүд шүү дээ. МАХН-д социал демократ орон зай биднээс хойш үлдлээ ш дээ. Өөрсдийгөө зүүн төвийн үзэлтэй, социал демократ нам гэж ярьж хэлдэг боловч яг энэ үзэл онол дээр тулгуурласан нэг ч бодлого МАХН-д байхгүй байгаа байхгүй юу.
-Соц интерний тэр байгууллага энэ тэр нь жигтэйхэн хүлээн зөвшөөрдөг юм биш үү?
-Юуг.
-Одоогийн манай МАХН-ыг ?
-Хн. Соц интерн МАХН-д ямар хамаатай юм. Гишүүн гэдэг чинь гишүүн байгууллагуудтай харьцдаг байгууллагын өөрийнх нь үйл ажиллагааны нэг хэлбэр л байдаг байхгүй юу. Тэнд нэг их МАХН-г сонирхоод байгаа ч юм байхгүй. Аяало гээд нэг нарийн бичгийн дарга байдаг юм. Нэг аппаратын л дарга. Тэрнээс соц интерний жинхэнэ гишүүн намууд гээд үзэх юм бол жишээ нь Францийн социалист нам, Английн лебор нам гээд европын бүх мундаг, том намууд тэнд цугларч байдаг. Би нэг удаагийнх нь их хуралд очсон. Бүх мундагуудыг тэнд харах завшаан тохиолдож байлаа. Тэд нар чинь соц интерний жинхэнэ хүмүүс болохоос биш Аяало гэдэг чинь зүгээр нэг нарийн бичгийн дарга нь байхгүй юу.
-Луйс Аяало гээд л зургаа авахуулж гүйгээд байдаг биз дээ?
-Алиа л явдал шүү дээ. Н.Энхбаяр МАХН-ыг соц интернд элсүүлсэн гавъяатай л гэнэ. Н.Энхбаяр элсүүлсэн юм биш ш дээ. Р.Гончигдорж захидал бичээд л бидэнд татгалзах зүйл байхгүй гээд л явуулчихсан байхгүй юу.
-Манай МАХН-ыг элсүүлээд өгөөч гээд үү?
-Тэгсэн ш дээ. С.Баярцогт, Р.Гончигдорж гэсэн хоёр нөхөр орж ирж тоглоод л МСДН-ыг устгасан. МСДН-ыг устгах сонирхол Ардчилсан намд ч байсан, МАХН-д ч байсан. Ялангуяа МАХН-д энэ социал демократ орон зайг дангаараа эзлэх сонирхол байна биз дээ. Бид ч бас том орон зай эзэлж байлаа ш дээ. Ардчилсан нам нь болохоор биднийг дандаа өрсөлдөгчөө гэж хардаг байсан. Хамтрагч, түнш гэдэг нүдээр харж чаддаггүй. Яаж хавсайдаж байгаад ч болов байхгүй болгох вэ л гээд байх жишээтэй. Ийм хоёр сонирхол хоёр талаас нийлээд, тэрэнд нь үйлчлэх хүмүүс манай намаас олдчихгүй юу. Маш олон хүн ийм байдалд орсонд харамсдаг л даа. Маш олон хүмүүс. Энэ МоАХ-ынхан чинь анх хачин хачин юм ярьж гарч ирж байсан юм ш дээ. Лениний онолыг энэ МАХН буруу хэрэгжүүлээд баллаад хаячихсан юм. Одоо ленинизмийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх ёстой гээд л. Удирдагч нар нь Нэргүй, Бошигт эд нар гээд сайхан комунистууд байх жишээтэй. Тэд нар чинь энэ хоёроо багшаа гэнэ. МоАХ-ны анхдугаар их хурлын илтгэлийг жишээ нь Нэргүй доктор ч бичсэн байх шиг. Бүр ерэн оны дөрвөн сар хүртэл эд нар чинь энэ онолоороо явсан ш дээ. 1990 оны нэгдүгээр сарын 21-нд Лениний нас барсан өдөр Сүхбаатарын талбай дээр цуглаан хийгээд, хүмүүсийн малгайг авахуулаад, Сүхбаатарын хөшөөг тойруулж алхуулаад хачин юм болсон ш дээ. Өвлийн дүн хүйтэнд чинь агуу их Ленин багш магш гээд жагсаад л. Бид бол шал ондоо хүмүүс байсан.
-Тийм байх. МоАХ-ынхан жагсаж цуглах, өлсөж цангахад тэргүүн эгнээнд явсан. Нэг үгээр хар ажлыг нь хийж. Харин соцдекүүд гэж хэсэг нөхөд онол суучихаад, цагаан гарлаж цэмцэгнээд уурыг нь барж байсан юм биш үү?
-1990 оны нэгдүгээр сарын дөрвөнд гаргасан бид нарын тэр тунхаг бол үнэхээр гайхалтай юм байгаа байхгүй юу. Бид энэ монгол улсыг дэлхийн хөгжлийн жам ёсны урсгалд нь оруулах ёстой. Бид нийгмийг үндсээр нь өөрчлөх тийм өөрчлөлтийн төлөө байна. Тэгээд ийм найман зүйлийн зорилтыг дэвшүүлж байна…гэсэн манай анхны тунхаг гарч байлаа. Дэлгэрэнгүй яривал цаг чинь хүрэхгүй байх.
-МСДН-ын анхны тунхаг, илтгэл энэ тэр дээр нээрээ ямар хүмүүс ажиллаж байсан юм бэ. Анхны илтгэлийг “Аазны тор”-ын Дугар гуай бичиж байсан гэж хэлж байсан?
-Солиор гэж байна гээд биччих. Дугар гэдэг хүнийг чинь бид нар 1996 онд л харсан. Тэр Нэргүй, Дугар эд нар ардчилсан холбооныхыг л бичиж байсан байж магадгүй. Ардчилсан социалист хөдөлгөөний анхны тунхагийг Ламжав гуай, Баабар, Улаанхүү, бид дөрөв анхны эхийг нь гаргаж байсан юм. Хоёр хувилбараар гаргаж байсан. Тэр хувилбаруудаа нөхдүүддээ үзүүлж ярьж байгаад нэг сарын дөрвөнд анхны тунхагаа гаргаж байсан юм.
-Ойрын үеийн сонгуулиудад МСДН ямар үүрэгтэй оролцов оо?
-нэгэнт улс төрийн нам учраас сонгуульд оролцох ёстой гэдэг утгаар л оролцож л байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар өөрчлөлт гарна гэсэн найдлага бол байгаа л байхгүй юу.
-Найдвар унтардаггүй учраас л байгаад байна гэж үү?
-Найдвар унтардаггүй учраас ч юу байхав. Би хувьдаа их баяртай байгаа ш дээ. Чухамхүү социал демократ үзэл санаа ялаад, гараад ирлээ. Дэлхий дахинаа хар л даа. Бүх юм нүдэн дээр тодорхой болчихоод байна. Тийм учраас бид ялж байгаа хэрэг мөн юм байгаа биз дээ.
-Та “Үг” студийн нэвтрүүлгүүдээ хийгээд явж байгаа. Яг энэ ажлаараа та юу хэлэхийг хүсдэг юм бэ. Тодорхой үр дүнд хүрч байна уу?
-Нийгэмд тодорхой байр суурьтай, өөрийн хэлэх үгтэй, хүмүүс тэрийг нь хүлээж авч байдаг хүмүүс байна. Тийм хүмүүсийн хүрээнд хүрч чадаж байгаа. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олигархад үйлчилж байгаа энэ үед үүргээ биелүүлж, зөв байж чадаж байгаа гэж үзэж болно.
-Өнгөрсөн долдугаар сарын нэгний тухайд та юу хэлэх вэ. Одоо явагдаж байгаа ерөнхийлөгчийн сонгуульд ч энэ сэдвээс аль аль тал нь зугтаад байх шиг харагдах юм?
-Зугтаад байна гэж би бодохгүй л байна л даа. Сонгуулийн компанит ажил дөнгөж л явж байна ш дээ. Сүүлийн долоо хоногт юу болохыг хэлж мэдэхгүй байна. Долдугаар сарын нэгэнд бол аймшигтай үйл явдал болсон. Энийг далимдуулаад нийгмийг аймаар айдастай болгоод хаячихлаа. Тэгээд энэндээ Ц.Нямдоржийн бахархалтай байгааг ээ. Суух ёстой хүмүүсийг нь хойно аваачаад суулгачихсан. Юун өршөөх мөршөөх…гээд л. Сонгууль булхайтай болсон уу болсон. Энэ бол нийтэд тодорхой юм ш дээ. Тэгж ард түмнийг доромжилж болохгүй биз дээ. Тэр хорь гучин мянган хүнийг хэн зохион байгуулаад цуглуулчихсан юм. Хар аяндаа цугласан ш дээ. Тэгээд л явж байсан хүмүүсийг цагдаа нар нь хөөж очиж буцааж хуйлруулж авчраад л…зарим талаар улам өдөөн хатгаж ч байх шиг.
-Хөөрхий тэгээд байр оронгоо шатаалгачихаад одоо өрөвдөлтэй л байгаа юм биш үү?
-Алиа юм ярьцгаах юм. Тэр өдөр хувьсгалт намын байрных нь үүдэн дээр би хүртэл очсон ш дээ. Д.Энхбат, Ж.Батзандан хоёр машин дотроос үг хэлж л байсан. Чулуу нүүлгээд л байсан. Асуудал тиймдээ тулчихаад байхад тэр С.Баяр нь гарч ирээд ганц үг хэлчихэж болно биз дээ. Телевизээр бид бүгд л үзээ биз дээ. Хэрвээ сонгууль булхайтай болсон гэж үзэж байгаа юм бол ахин тоолуулсан ч яадаг юм. Бид бэлэн байна. Айх ичих юм байхгүй л гээд байсан. Тэгээд тэрийгээ л гараад хэлнэ биз дээ. Тэрийг яав л гэж дээ.
-Буудчихвал яах юм?
-Хэн буудах юм. Ард түмэн үү.
-Тэнд чинь тавын таван иргэн буудуулаад үхчихээ биз дээ?
-Тэр чинь онц байдал тогтоосны дараа болсон явдал. Би өдрийн асуудлыг ярьж байна шүү дээ. Тэгээд ч тэр тагнуулын байгууллага энэ тэр нь хамгаалж байдаг юм байгаа биз дээ.

Бидний ярианы эхний хэсэг ийн өндөрлөлөө.
Маргааш түүний санаачилснаар кино болон үзэгчдэд хүрч буй “Нянгар хаданд гарсан нь” киноны нээлт болно.
“Үг- студийн даруухан байр, ногоон цай, mild sewen, дуу хураагуурын жижиг аппараттай…улс төрийн хүрээнийхэн дотор хамгийн хэгжүүн, хамгийн ихэмсэгээрээ зартай нөхрийг ярилцлагын зочноороо урьчихсан миний эрх чөлөөний өдөр…
Би хүссэн зочинтойгоо хүссэн сэдвээрээ ярьсан ч…угаасаа дутуу хагас эрх чөлөөний тухай ойлголттой, дутуу хагас орчинд ажиллаж байгаа сэтгүүлчдийн нэг гэдгээ энэ өдөр илүү тод мэдэрч, эмзэглэх гэж түүн рүү ирсэн ч юм шиг.
Хүмүүс баярын мэнд хүргэсэн мессеж явуулаад л…манай сэтгүүлчид хүлээн авалт дээр оргилуун дарс тулгацгаагаад л…миний эрх чөлөөний өдөр өө гэж.
Мэдээллийн эх сурвалж: Ардын эрх