МСДН

Tuesday, May 18, 2010

Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь

"Монсудар" компаниас хэвлэн гаргаж буй "Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь" ном нь агуулга, ач холбогдлоороо Монгол орны гадаад бодлогыг тодорхойлогчдод цагаа олж, санаа өгөхүйц болжээ хэмээн орчуулагч редактор Д.Энхзаяа орчуулсан хүний хувьд олзуурхаж байгаа билээ.
    Ингээд уг номноос орчуулагчийн ишлэл болгон авсан хэсэг бүрийг манай оронд болж буй үйл явдлуудтай холбон харахыг хичээснийг уншигч танд толилуулъя.
     Хоёр их гүрний хооронд хавчуулагдаж, аль алинаас нь хамаарч үзсэн Монгол орны хувьд сэлмийн ирэн дээр бүжиглэх мэт уран цэцэн гадаад бодлогыг явуулж байж тусгаар тогтнол, үндэсний эрх ашгаа хамгаалж үлдэнэ гэдэг хэнд ч ойлгомжтой билээ. Эзэн Чингисийн үеэс хойш онгон дагшин байж, эх орныхоо баялгийг хөрсөн доороо хадгалж ирсэн орны хувьд гэнэтхэн үүцээ задлаж, хүчтэй, хөрөнгөтэй бүгдийн шуналыг хөвсөлзүүлэн байх энэ мөчид үндэстний эрх ашиг гэгч зүйлийг эд баялгийн өмнө сөргүүлэн тавих зориг, ухаанаар бид дутах ёсгүй. Бид хаана, ямар дэлхийд амьдарч байна, энд ямар бодлого явагдаж, ямар зорилго агуулагдаж байна, ямар хүчнүүд тэмцэлдэж бас хоорондоо эвсэн найрч байна гэдгийг ухаж мэдэж, урьтаж төлөвлөх шаардлага улс төр, гадаад бодлого сонирхдог бүх хүний үүрэг болжээ.
     Дэлхийн талыг эзэлж, тэднийг удирдаж явсан хүмүүсийн генийг агуулсан монгол хүнд ухаан, зориг дутах зовлон байхгүй. Гагцхүү мэдлэг, мэдээлэл дутах аюул бий. Тэгвэл дэлхийн хамгийн том гүрний гадаад бодлогын стратегийг тодорхойлолцож, дэлхийн геополитикт үнэлгээ дүгнэлт өгдөг хүний сэрэмжлүүлэг болгож бичсэн номыг та бүхэнд толилуулж байна.
     "Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь" номын зохиолч Роберт Каган бол Foreign Policy сэтгүүлээс нэрлэдэг "Дэлхийн Топ 100 сэтгэгчид"-д хэд хэдэн удаа багтаж байсан бөгөөд гадаад бодлогын дэлхийд алдартай эксперт хүн юм. Түүний бичсэн "Эрх мэдэл ба Диваажин" ном АНУ, Англи, Франц, Герман, Испани, Итали, Недерланд, Канад зэрэг орнуудад хамгийн их борлуулагдсан номоор шалгарч, 25 хэл дээр орчуулагдаж байжээ. "Либерализм ба дарангуйллын автократ үзэл хоёр Соён Гэгээрүүлэгчдийн үеэс хойш хоорондоо тэмцэлдэж байгаа бөгөөд XVIII зууны сүүл XIX зууны эхэнд Америкийн Нэгдсэн Улс Европын ихэнх оронтой энэ асуудлаар л санал зөрөлддөг байсан юм. Энэ асуудал XIX зууны ихэнх үеийг хамарч, XX зуунд ортол үргэлжилсээр Европ тивийг хоёр хувааж орхисон билээ. Одоо энэ асуудал XXI зууны геополитикт давамгайлахаар эргэн ирж байна". "Сүүлийн жилүүдэд Орос, Хятадад дарангуйллын дэглэм өндийж, Исламын хэт туйлшрагчид тэмцлээ өрнүүлж, ардчилсан үзэлтнүүд шалих шалихгүй асуудлуудаар анхаарлаа сарниаж, хоорондоо хагаралдаж байна. Тэд өөрсдийн зорилго, ёс суртахуунд эргэлзэж, эрх мэдэл ба ёсзүйн талаар маргацгааж, хэн нэгнийхээ алдаа дутагдал руу чичилцгээж байлаа.
     Хагарал ардчиллыг хамгийн хүнд үед нь улам сулруулж, зүрхийг нь үхүүлж байна. Түүх буцаж ирсэн бөгөөд ардчилагчид түүхийг тодорхойлохын тулд нэгдэх ёстой, эс тэгвээс өөр бусад тэдний өмнөөс түүхийг тодорхойлох болно" гэж бичжээ. Энэ зүйлсүүд манай улс төрд ч ажиглагдаж байна. Ер нь өсөн нэмэгдэж буй үндэсний баялаг ба дарангуйллын засаг хоёр хоорондоо тун нийцтэй байдаг гэдэг нь батлагдсан зүйл. Хүчтэй удирдагч, базах чанга гар, ерөнхийлөгчийн засаглал, үндсэн хуулийн өөрчлөлт гэж ярихад 90-ээд онд хүчтэй шүүмжлэлд өртдөг байсан бол одоо иймэрхүү яриаг ядаж шүүмжлэхгүй хүлээж авдаг болжээ.
    
Урьд төсөөлөгдөхгүй байсан зүйл төсөөлөгдөхүйц болж, дараа нь хүсүүштэй болно. Хүсэл нь эрмэлзэл болж эрмэлзэл нь сонирхол болдог. Гэтэл бид чухам ийм байдлаас арай ядан гараад тун ч удаагүй байтал илжиг модон хударгандаа дуртай гэгчийн үлгэрийг давтахыг хэсэг хүн хүсээд байгаагийн шалтгаан юу билээ. Энэ бол алдагдсан диваажиндаа эргэн залрахыг хүссэн хүн, хүчний мөрөөслийн дуун эгшиглэж буй хэрэг юм. Нэг хэсэг хүнийг худалдаж авах гэдэг нэг хүнийг худалдаж авахаас хүнд, нэг хэсэг хүн нь нэг намд харъяалахгүй бол бүр ч хүнд болно. Баялгийн хойноос тачаагч улсаа худалдагчид байгаа цагт ардчиллын төлөө, үндэстнийхээ төлөө цохилох зүрхтэй бүхэн өөрсдийн ялгааг биш адил талаа харж нэгдэх ёстой.
     Бид эвтэй байхдаа хүчтэй байдаг. “Хятадын сэтгэгчид болон бодлого тодорхойлогчид шинэчлэгдсэн Хятад улс Хойд Азид ноёрхох, үүр цайх эринийг урьдчилан харжээ. Зарим нь дэлхийг хоёр геополитикийн бөмбөрцөгт хуваагдсан байхыг олж харж байна: нэг нь Америк тэргүүтэй Евро-Атлантикийн бөмбөрцөг, нөгөө нь Хятад тэргүүтэй Азийн бөмбөрцөг ажээ. Бусад нь дэлхийг гурван төрлийн мөнгөний бүслүүрт хуваагдана: доллар, евро, юань гэж харж байна. Эдгээрийн нэг нь ч Хойд Азийг Хятад Япон хоёрын эсвэл, Хятад АНУ хоёрын өрсөлдөөний талбар гэж үзэхгүй байна. Тэд Хятадын муж нутагтаа ноёрхох хандлагыг ямар ч гадны хүчин зогсоож чадахгүй гэж үзэж байна. Хятадын албаны хүмүүс стратегийн хилээ өөрсдийн гурван “арлын гинж” гэж нэрлэсэн зүгт аажмаар өргөтгөж байна: нэгдүгээр гинж нь Япон, Тайван, Филипиннийг хамарч, хоёрдугаар хүрээнд Сахалины арлуудаас Баруун урд Номхон далайн арлууд, гурав дахид нь Алеутын арлууд, Аляскаас Антарктид хүртэлх арлууд оржээ.
     “Тусгаар тогтносон ардчилал”-ын орос загвар Төв Азийн дарангуйлагчдын хорхойг хүргэсээр. Зарим европчууд Оросыг “дэлхийн дэг журам, эрх мэдэл, бүрэн эрхт байдалд хүрэх өөр арга замыг санал болгосноор Европын холбооны үзэл суртлын өөр нэг хувилбар болон гарч ирж буйд” санаа зовниж байна. 1980-1990-ээд онд либерал урсгал орж ирэхийн өмнө дарангуйлагч дэглэмийн загвар нь баруун зүүнгүй унаж буй диктатурын арга мэт харагдаж байлаа. Өнөөдөр Орос, Хятадын амжилтын улмаас тэр илүү ашигтай бооцоо шиг харагдах болов.
     "Москва болон Бээжингийн дарангуйлагчид зөвхөн өөрсдийн хэтэвчээ л зузаалахыг хүсдэг, Хятадын удирдагчид бол зөвхөн клептократууд (ардын хөрөнгөнөөс хулгайлагчид-Орч), Кремль бол “Орос Улс” хэмээх корпорац гэж бидэнд байнга л сануулж байдаг. Мэдээжээр Орос, Хятадын удирдагчид эрх мэдэлд өөрт нь дурлахаас гадна, түүнийг дагаж ирдэг баялаг, тансаг байдлын төлөө эрх мэдлийг олж авцгаадаг. Гэвч өнгөрсөн зууны олон агуу хаад, эзэд, пап лам нар мөн үүнийг хийсээр л ирсэн." Өнөөдрийн дарангуйлагч дэглэмүүд хууль ёсны гэгдэх шинэ үндэслэлийг бий болгохыг чармайх боловч энэ тийм амар хялбар зорилго биш ээ. Хятадын эрх баригчидын эдийн засгийн хурдцыг шүтэх явдал аливаа удаашрал тэднийг сүйтгэж болзошгүй гэсэн айдастай нь холбоотой. Тэд Зөвлөлт Холбоот Улсын задралыг давтах вий гэсэн айдас, өөрсдийн үхэлд тун ойрхон байсан 1989 оны туршлагынхаа айдаст амьдардаг учир улс төрийн сөрөг хүчний өчүүхэн төдий шинж тэмдгийг ч тэр дор нь татганан дарж устгадаг. Тэд гадаадын булаан эзлэлтээс илүү, дотоодын улс төрийн сөрөг хүчинд гадаадын дэмжлэг өгөгдөхөөс айж байдаг.
     Орост Путин өөрийн сул дорой харагддаг өрсөлдөгчдийг ч устгахын тулд их хүч гаргасаар, учир нь тэр сөрөг хүчин амьд гэдгийг харуулах аливаа шинж тэмдэг өөрийнх нь дэглэмд уналт авчирна гэж айдаг. Владимир Путин болон түүний төлөөний хүмүүс “ардчилал” гэж ярьдаг хэдий ч энэ нэр томъёог хятадуудтай адилхан тодорхойлдог. Путины хувьд ардчилал гэдэг бол өрсөлдөөнт сонгуулийн тухай ч биш, олон нийтийн сонирхлыг хэрэгжүүлэх тухай ч ярьж буй хэрэг биш юм. Засгийн газар нь Оросын ард түмнийг сонсож, зөвлөлдөн юу хэрэгтэй байгаа, юуг хүсэж байгааг нь мэдрээд, дараа нь тэр хэрэгтэй зүйлийг нь өгөхийг оролдож буй учир ардчилсан дэглэм ажээ. Иван Крастевийн бичсэнээр “Кремлийнхэн иргэдийн эрхийн тухай биш ард түмний хэрэгцээний тухай боддог” байх нь.
     Сонгуулиуд нь сонголтыг санал болгодоггүй харин Путины хийсэн сонголтыг баталгаажуулах боломжийг л санал болгодог." Үнэнийг цочирдмоор шууд илэрхийлэхэд дургүйцэх хүн гарах л байх гэхдээ төв Азийн хавтгайд ардчиллын арал болж үлдээд байгаа жижиг орон өнөө маргаашийн уушигны төлөө ирээдүйд бие даан амьдарч чадах боломжоо алдах нь 300 жилд ганц удаа тохиосон өглөөн нарны туяаг хайхрахгүй орхисонтой адил болно. Дэргэдэх хоёр хүчирхэг гүрний хүсч буй зүйл бол их гүрнүүдийн ямагт хүссээр ирсэнчлэн өөртөө хамааралтай мужуудад ноёрхох нөлөөгөө хадгалж, тэдгээрээс бусад их гүрнүүдийн нөлөөг арилгах явдал болоод байна.
     Монгол орныг тэд ямагт өөртөө хамааралтай мужид тооцсоор ирснийг өөрийн түүхээ мэддэг хүн бол гадарлах л байх. Ардчилсан ба дарангуйлагч дэглэмийнхэн хоорондоо улам гүн хуваагдаж байгаа дэлхий дээр ардчилагчид нэгдмэл байх ёстой. Ардчиллын нэрийн өмнөөс мухар сохор кампанит ажил явуулах эсвэл дарангуйлагч дэглэмтэй хүчтэй сөргөлдсөн байр сууринаас хандах шаардлагагүй юм. Ардчилсан орнууд дарангуйлагч дэглэмүүдтэй хийдэг худалдаа, наймаагаа зогсоолгүй, ердийн ашиг сонирхол ба зөрөлдөж буй ашиг сонирхолын аль алиных нь талаар хэлэлцээд явах нь зүйн хэрэг. Үндэстнүүдэд байнгын нөхөд байдаггүй, зөвхөн байнгын сонирхол байдаг гэж лорд Палмерсон гярхай ажиглаж хэлсэн байдаг.
     "Үндэстнүүд бол тооцоолон бодох машинууд биш. Тэд түүнийг бүтээж дотор нь амьдарч буй хүмүүний ойлгогдошгүй, хэмжээлшгүй онцлог шинж болох хайр, үзэн ядалт, эрх ашгийн эрмэлзэл, айдас, нэр хүнд, ичгүүр, эх оронч үзэл, үзэл суртал ба итгэл үнэмшил зэрэг хүмүүсээс салгашгүй шинж төрхийг агуулдаг бөгөөд эдгээрийн төлөө өнөөдөр ч, өнгөрсөн мянган жилүүдэд ч хүмүүс тэмцсээр, амиа өргөсөөр байна".

0 comments:

Post a Comment