МСДН

Sunday, May 27, 2012

МСДН – ыг сэргээн байгуулах болсон шалтгаан нөхцөл

Одоогоос 15 жилийн өмнө 1989 оны 12 сарын 28 – нд Социал – демократ хөдөлгөөн болох АСХ үүсэн байгуулагдсан түүхтэй. Бид тухайн үед оршин тогтнож байсан улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоог засаж залруулах биш харин үндсээр нь өөрчлөх шаардлагыг тавьж гарч ирсэн нь богино хугацаанд их дээд сургуулиуд, академийн хүрээлэнгүүд, эрдэм шинжилгээний байгууллагуудын хүрээнд хүчтэй дэмжлэгийг олж авсан билээ. 1990 оны 3 сар гэхэд АСХ үзэл баримтлалын хувьд цэгцэрч АСХ – нөөс улс төрийн нам МСДН төрөн гарсан. Бид нэн тэргүүнд улс төрийн тогтолцоог өөрчлөх, улмаар үндсэн хуулийг өөрчилж дэлхийн ардчилсан улс орнуудын хөгжлийн жишгээр замнахыг хүссэн. 1992 оны 1 сарын 13 – нд бидний хүссэнчлэн шинэ Үндсэн хууль батлагдаж, Монгол улс маань дэлхийд хүлээн зөвшөөрөөгдөж, олон улсын хамтын нийгэмлэгийн нэгэн гишүүн болсон юм. Парламентийн засаглалтай, ардчилсан Монгол улс маань өнөөдөр бидний бахархал болсон шинэ Үндсэн хуулийн үүднээс авч үзвэл улс төрийн хувьд, эдийн засгийн хувьд, нийгмийн байдлын хувьд анх нам байгуулагдах үеийн бидний тавьсан шаардлагыг хангаж байна уу? Хэрэв тийм байсансан бол намаа дахин сэргээн байгуулах нь утгагүй хэрэг. Өнөөдөр ардчиллын эрхэм үнэт зүйлсүүд алдагдаж, эрх зүйт төр ганхаж, нийгэмд хэт ялгарал бий болж, коррупци нийгмийн шинжтэй болж, намууд нь ашиг сонирхлын бүлгүүд болон хувирч, нам дамнасан үндсэн хуулиас дээгүүр бүлэглэл ч бий болж байна. Ард түмэн, гишүүдийнхээ итгэл дэмжлэг дээр тулгуурлан засгийн эрхэнд гарсан намууд маань мөн чанараа нэгэнт алдаж албан тушаал хуваарилагч төдий болон хувирч, мафийн шинжийг агуулсан бүлэглэлд үйлчлэгч болжээ. Үндсэн хуулийг сахин хамгаалах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц маань ч нэр төдий болжээ. Энэ бүхэн намаа сэргээн байгуулах шалтгаан биш гэж үү? Угаасаа намуудыг нийлүүлэх нь буруу байсан нь ч тодорхой болж байна. Нэгдээд Ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэсэн горьдлого ч биелсэнгүй. Ялах гэсэн ганцхан хүсэл зорилгод гишүүдийнхээ итгэл үнэмшлийг золиосолж болдоггүй учир нам маань сэргээн байгуулагдаж байна.

0 comments:

Post a Comment