МСДН

Monday, June 18, 2012

Ринчингийн НАРАНГЭРЭЛ - намтар

Махаан овогт Ринчингийн Нарангэрэл 1954 оны 1-р сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн. 1961-1971 онд Улаанбаатар дахь Зөвлөлтийн 2-р дунд сургуульд суралцаж төгсөөд 1971-1976 онд Москва хотын Улсын Багшийн Дээд сургуульд суралцаж орос хэл, утга зохиолын багш мэргэжил эзэмшсэн. 1977 -1979 онд МУИС-ийн Орос хэлний тэнхимд багш, 1979-1986 онд Орос хэлний Багшийн Дээд сургуульд багш, орлогч декан, 1986-1989 онд Москва хотын Улсын Багшийн Дээд сургуулийн ерөнхий хэл шинжлэлийн тэнхимд аспирантурт суралцаж хэл шинжлэлийн доктор (Ph.D) эрдмийн зэрэгтэй болсон, 1989-1990 онд ОХБДС-д багшаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж Ардчилсан Социалист Хөдөлгөөн (АСХ)-ий нарийн бичгийн даргаар ажилласан. 1992 он хүртэл АСХ, МСДН-д ажиллаж байгаад 1992 онд Төв Азийн Хөгжлийн сан (1996 оноос Иргэний Боловсролын Төв нэртэй болсон) ТББ-ыг хэсэг нөхдийн хамт байгуулж түүний гүйцэтгэх захирлаар ажилласан. 1996-2000 УИХ-ын гишүүнээр сонгогдож ажиллсан. Энэ хооронд Олонхийн бүлгийн орлогч дарга, Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны дарга, Монгол-Израилийн Парламентийн бүлгэмийн даргын срнгуульт ажил хийж байсан. 2000 оноос хойш Иргэний Боловсролын Төвийн захирлын албыг хашиж байна.
Р.Нарангэрэл нь Монгол оронд өрнөсөн ардчиллын төлөө хөдөлгөөнд анхнаас нь идэвхтэй оролцож АСХ-ний Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга, МСДН-ын Улдс төрийн зөвлөлийн гишүүн, гадаад харилцааны албаны дарга зэрэг хариуцлагатай алба хашиж МСДН-ыг Социалист Интернационалд гишүүнээр элсүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хүн.
1992 онд Төв Азийн Хөгжлийн санг байгуулалцаж Монголд анх удаа ардчиллын боловсролын төслийг эхлүүлж АНУ-ын Багш нарын холбоотой хамтран “Ардчиллыг Монголын сургуульд авчирах нь” төслийг хэрэгжүүлж ЕБС-ийн нийгмийн ухааны мянга мянган багш нарыг хамруулсан. Энэ төслийн хүрээнд олон тооны сургагч багш нарыг бэлтгэж шавь төвтэй сургалтыг Монголд анх нэвтрүүлсэн.
1996 оноос УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Төрийн бус байгууллагын тухай хуулийг санаачлан ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж уг хуулийг 1997 оны 1-р сард батлуулсан. Уг хуулийн хэрэгжилтийг ард иргэдэд хүргэх ажлыг санаачилж Монгол орны бүх хот, аймгуудад ТББ-ын бүсчилсэн сургалтуудыг явуулж ТББ-ыг Монгол оронд үүсэн бэхжүүлэх, иргэний нийгмийн үндэс суурийг тавихад бодитой хувь нэмэр оруулсан. 1995 оноос ЕБС-ийн сурагчдад зориулан Сурагчдын Өөрийн Удирдах байгууллага төслийг хэрэгжүүлж хот, хөдөөгийн сургуулийн багш, сурагчдыг хамруулсан. Энэхүү төсөлд хамрагдаж байсан сурагчдаас өнөөдрийн залуу манлайлагчид олноор төрөн гарсан. 1997 оноос “Иргэн” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоо хүртэл үргэлжлүүлж байна. Уг төслийг Улаанбаатар хотын болон 21 аймгийн багш нарыг хамруулсан бөгөөд Сэлэнгэ, Говь-Сүмбэр аймгийн бүх сумын сургуулийн багш нарыг хамруулсан. Сүүлийн 2 жилд Үндэсний хэмжээний уралдаант шалгаруулалт явуулж байгаа бөгөөд 2010 онд Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танихимд уг төслийн шалгаруулалт болсон нь олон сурагч, багш нарыг хамарсан чухал ач холбогдолтой ажил болсон.
2003 оноос “Орон нутаг дахь Иргэдийн оролцоо” төслийг санаачлан Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сум, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Дундговь аймгийн Сайхан-Овоо сум, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хэрэгжүүлсэн. Эдгээр сумдад иргэдийн санаачлагын байгууллагууд үүсэн буй болж төрөл бүрийн ажил санаачилж хэрэгжүүлсэн. 2004 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Иргэдийн Сургалтын төвийг байгуулж сумын иргэд, сурагчдад олон төрлийн сургалт, үйл ажиллагаа явуулж тодорхой үр дүнд хүрсэн. Тус сумын иргэдийн байгууллага нь эмэгтэйчүүдийн, байгаль орчны, ногоочдын зэрэг салбар зөвлөлтэй бөгөөд сумын ИТХ-д бие даасан 2 төлөөлөгчидтэй. Өнгөрсөн онд тус сумын нутагт Хүүхдийн Эко зуслан бариулаад байна.
Иргэний боловсролын талаарх ном, сурах бичиг огт байхгүй байсан үед Р.Нарангэрэл санаачлан “Ардчиллыг бүх нийтэд” хэмээх номыг орчуулж монгол хөрсөнд тохируулан тохиолдуулж 1999-2000 онд хэвлүүлсэн нь Монголд анхны иргэний боловсролын гарын авлага болж багш, судлаач, сурах бичиг зохиогчид, сурагчдын ширээний ном болсон. Мөн энэ хугацаанд “Иргэн Төсөл”, “Сурагчдыг Өөрийн удирдлага”, “Парламентийн дэгийн үндэс” зэрэг ном, товхимолыг орчуулан олон мянган хувиар хэд хэдэн удаа хэвлүүлж сургалт явуулж сургуулиудад үнэгүй тараасан. 2011 онд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамны захиалгаар ” Иргэний Боловсрол” сурах бичгийн зохиогчдын багийн ахлагчаар ажиллаж 1-3-р ангийн сурах бичгийг зохиосон нь бүх ЕБС-иудад тараагдан хэрэглэгдэж байна. Энэ онд “Яагаад Ардчилал гэж?” номыг хэвлүүлэн олны хүртээл болгоод байна.
Р.Нарангэрэл нь Монгол оронд ардчиллыг тэмцэн авчрах, нутагшуулан бэхжүүлэх, ард иргэдийг гэгээрүүлэх, иргэний нийгмийг цогцлон бүрэлдүүлэх үйлсэд зүрх сэтгэлээ зориулсан багш, соён гэгээрүүлэгч, тууштай тэмцэгч хүн юм.

0 comments:

Post a Comment