МСДН

Monday, June 11, 2012

Өнөөдөр улс төрийн мэдээллийн төвд МСДН-ын гишүүд СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх тал дээр хууль зөрчиж байна гэсэн мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд МСДН-ын хуулийн зөвлөх А.Эрдэнэбилэг, МСДН-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн С.Сонин, МСДН-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн Ч.Лхагважав нар оролцон юм. Тэд сонгуулийн хуулинд орсон өөрчлөлтүүд хууль бус байгаа талаар мөн СЕХ нэр дэвшигчдийг бүртгэхдээ тэгш бус хандаж байгаа талаар баримт дэлгэн тайлбарлаж, “Бид зөвхөн МСДН-ийн өмнөөс, зөвхөн бүртгүүлж чадаагүй нэр дэвшигчдийн өмнөөс ярьж байгаа юм биш. Бид Монголын нийт сэхээтнүүдийг төлөөлөн ярьж байна. Өнөөдөр сонгуулийн хууль өөрөө хууль зөрчин хэрэгжиж байна, тиймээс сонгох сонгогдох эрх зөрчсөн, хууль зөрчсөн сонгууль явагдах уу? Хууль зөрчин явагдсан сонгууль хүчин төгөлдөр бус. Тиймээс бид Улсын Дээд Шүүхэд гомдол гаргасан” гэж мэдэгдлээ.
МСДН-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн Ч.Лхагважав: Сонгуулийн тухай хуулийн 26,6-д зааснаар сонгуульд нэр дэвших бол төрийн алба хашдаг иргэн 1 сарын 1-нээс албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх учиртай. Төрийн захиргааны албан хаагчдын хувьд бол энэ боломжтой ч гэсэн яг ид ажлын үеэр ирэх сонгуульд би нэрээ дэвшүүлнэ гээд ажлаа орхих сэтгэл зүрхтэй багш, эмч байхгүй. Тэгээд ч бүтэн зургаан сар тэд нар чинь ажил эрхлэхгүй, цалин авахгүй яаж амьдрах юм бэ? Энэ хуулийн заалт бол төрийн үйлчилгээний ажилчдын сонгох эрхийг зөрчиж байна” гэсэн юм. Тэдний үзэж буйгаар сонгуулийн хуулинд орсон энэ өөрчлөлт бол хуулийн цоорхой ч биш, УИХ-д сэхээтнүүдийн төлөөллийг цөөн оруулах томчуудын бодлоготой холбоотой аж. Ер нь СЕХ шийдвэр гаргахдаа их удаан, асуудалд аль намынх вэ гэдгээр нь ялгавартай ханддаг, нэр дэвшигчдийн материалыг хүлээн авахдаа бичиг баримт бүрэн эсэхийг шалгалгүй авчихаад, баримт дутуу байна гэдгийг мэдэгдэхдээ дахин бичиг баримтаа бүрдүүлээд өгөх хугацаа олгодоггүй, цагийг нь тулгадаг гэх зэрэг шүүмжиллээ.

0 comments:

Post a Comment